Monday, May 14, 2007

Дундговьд довтолгоон болж байна

Дундговь аймгийн Дэлгэрцогт, Говь-Угтаал сумын нутгаар явж, тэр нутгийн айлуудаар орж, бага газрын чулуу, их газрын чулууны бас нэг хувилбар шахуу бичигтийн хад үзлээ. Бас л сонин тогтоцтой хад байв. Хаднаас сонин бас нэг зүйлтэй тохиолдсон нь Дундговь аймаг даяар өрнөж байгаа соёлын довтолгоон байв.
Соёлын довтолгооноор хүн бүр 3 хос ор хөнжлийн даавуутай байх ёстой, айл бүр 3 аяганы алчууртай байх ёстой гэх мэтчилэн гурвын тоог билэгдэл болгон довтолдог гэнэ. Жанжин нь аймгийн дарга.
70-аад онд намайг хүүхэд байхад манай суманд иймэрхүү довтолгоон болдог байсан. Тэр довтолгоон өргөн уудам нутагтай монгол оронд өрнөсөөр энд ирж байна уу? эсвэл дахин довтолж байгаа юм уу бүү мэд.
Довтолгоон сард нэг удаа болдог ч хэзээ, хаанаас, ямар хүчээр довтолох нь тодорхойгүй. Хэзээ дуусах нь ч тодорхойгүй. Зарим айл довтолгоонд бэлтгэдэг ч, зарим нь дасчихаж.
Ихэнхдээ сумын эмч, сургуулийн багш, аймгийн төлөөлөгч гээд 10 гаруй хүнээс бүрдсэн үлэмж давуу хүчээр гэнэт довтолдог гэнэ. Тагнуулын мэдээ сайтай цөөхөн айл урьдчилж мэдвэл довтолгоонд өртсөн айлаас хөнжлийн даавуу, аяганы алчуурыг нь татан авч ирж хүчээ зузаатгаж хориглолтонд бэлтгээд ажилдаа явах, мал хайх шалтагаар зүсээ буруулан хөгшид, хүүхдээ үлдээн дүрвэж амждаг ч үлдэгсэдийг үнсэн товрог болтол нь довтолно. Довтлогчдын ой санамж үлэмж тул хэзээ хэнийд байсан даавууг мэдвэл сэлэм гялс, толгой бөндгөс.

Mongolian Photo

Photos of Mongolia