Sunday, May 30, 2010

Эрүүлээр сэтгэ - Соёлын өв

Саяхан Монголын “Монгол тууль”, “Цуурын урлаг”, “Монгол ардын бүжиг-бий, биелгээ”-г ЮНЕСКО-д бүртгэгдэж, баяр болов. Бүртгүүлсэн ангилал нь хамгаалахгүй бол устах гэж байгаа соёлын өв. Хойноос монголын соёл гэж хэлж болохоор бүхнээ бүртгүүлэхээр хөөцөлдөж байна. Огт ойлгогдохгүй юм. Зүйрлэвэл толгойн өвдсөн хүн эмчид очоод өвдөж байгаа болон өвдөхгүй байгаа бүхнээ тоочиж хорт хавдар туссан гэдэг онош тавиулах гэж байгаатай төстэй юм уу хаашаа юм. Энэ нь баярлахаар ч зүйл биш байтал баярлаад л байх юм. Бүх соёлын өв нь хамгаалах шаардлагатай болвол энэ үндэстэн устаж байгаа ангилалд орно. ЮНЕСКО Биет бус соёлын өвийг хамгаалах зорилгоор 2001 онд “Соёлын олон төрөл зүйлийн тухай ЮНЕСКО-гийн түгэмээл тунхаглал”, 2003 онд “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай ” конвенци, 2005 онд “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих тухай” конвенцийг баталсан. Энд бүртгүүлсэнээр ЮНЕСКО ирээд хамгаалаад өгөхгүй, бид хамгаална. ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийг хадгалж хамгаалах, өв тээгчийг нь дэмжих, энэ соёлын өвийг уламжлуулах зэрэг ажлыг зохион байгуулах үүргийг Засгийн газар нь хүлээдэг. ЮНЕСКО бүртгэж авч байгаа нь биднийг алдаршуулахын тулд биш зөвхөн энд нэг устах гэж байгаа соёлын өв байгаа, эд нар юм хийж байна уу үгүй юу гэдгийг жил бүрийн тайлангаар нь, эсвэл хааяа нэг хүн явуулаад шалгуулна. Манайхан яахав сайхан тайлан явуулчихна. Хүн ирвэл концерт үзүүлээд буцаачихна. Манай дарга нар ЮНЕСКО-д монголын бүх өвийг бүртгүүлсэн гээд сонгуулийн шоу хийнэ. Дүр зураг нь сайхан харагдахгүй л байна. Гэхдээ би буруу бодож, буруу ойлгож байж магадгүй. Тийм л байгаасай.

Mongolian Photo

Photos of Mongolia