Thursday, December 07, 2006

"Монгол сайхаан -2006" аялал

Энэ аялалын явсан газруудыг тэмдэглэсэн KMZ файлыг татаж аваад Google Earth-ээр харж болно. Google Earth KMZ file -ийг татаж авч болно.


View in Google Maps

"Монгол сайхаан - 2006" аялал 2006 оны 7 сарын 14-өөс 8 сарын 14 хүртэл үргэлжилж, 8000 гаруй км замыг Фургон машинаар 30 хоногт туулж, 10 аймгийн нутгаар явлаа. Аялалд миний эхнэр А.Нормаа, хүү Г.Баярмагнай, охин Г.Дуламсүрэн, жолооч Д.Хээнээ, түүний эхнэр Алгаа, миний дүү Н.Төмөр-Очир, их сургуулийн ангийн охин Баянжаргал, түүний охин Эрдэнэтуяа нар оролцов. Аялалын зорилго монгол орны сайхан зүйлсийг үзэх, зургийг нь авах зорилготой байлаа.

Аялалд оролцогчид

  1. Н.Гансүх, аялалын ахлагч, зурагчин
    • Canon EOS 350D зургийн аппарат
    • Canon EF 70-200mm f/4 L USM линз
    • Canon EF 24-70mm f/2.8 L USM линз
    • Canon EF 100-400mm f/4.5-5.6 L IS USM линз
    • Canon EF 100mm f/2.8 macro USM линз
    • Canon extender EF 2x II
    • CPL, UV филтрүүд
    • Lexar 1 GB Compact Flash
    • Transend 1 GB Compact Flash
    • Transend Digital Photo Album 20GB
    • Tripod
    • Triplite Power Invertor
  2. Г.Баярмагнай, аялагч, зурагчин
    • Canon IXUS 800IS
    • Transend 1 GB SD card
    • Mini tripod
  3. А.Норжмаа, аялагч, үйл явдлын зураг авах
    • Canon IXUS 500
    • Transend 512 MB Compact Flash
  4. Г.Дуламсүрэн, аялагч, аялалын тэмдэглэл хөтлөх
    • Qualcomm GSP-1600 сансарын утас (байрлал тодорхойлох)
    • Дууны бичлэг хийдэг IPod nano
  5. Н.Төмөр-Очир, туслах зурагчин, жолоочийн туслах
  6. Д.Хээнээ, жолооч
  7. Алгаа, аялагч
    • Samsung хальсны аппарат
  8. Баянжаргал, аялагч
  9. Эрдэнэтуяа, аялагч

Аялалыг өдөр, өдөрөөр нь задлаж бичие. Тухайн өдөр үзсэн зүйлийн зургийг зай бага эзлүүлэх үүднээс солигддог зураг болгон баруун талд харууллаа.

2006 оны 7 сарын 14

  • more photos on mongolian photo/10:10 Улаанбаатараас хөдлөв.
  • 15:10 Зоргол хайрхан ууланд ирлээ.
    Зоргол хайрхан уул нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт хуурай хээрийн бүсэд орших цул боржин чулуун уул юм.
  • Зоргол хайрхан уулын урд морин хад гэж тонгойж зогссон морь хэлбэрийн чулуу бий.
  • 19:54 Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт Сүм хөх бүрдэд ирлээ. Энд бүрд нэртэй голдоо аралтай жижигхэн нуур байдаг. Тэр арал дээр Монголчуудын барьсан чулуун сүм бий.
  • 21:30 Бага газрын чулуун дээр ирж хонолоо. Бага газрын чулуун Монголын боржингийн их бүсэд оршдог 1751 м өндөр, хөндийдөө булаг ус олонтой талын үзэсгэлэнтэй сайхан чулуун уул. Бага газрын чулууны зүүн урд Их дэлгэр уулын зүүн урд талд Дэлгэрийн чойр гэж хийд бий. Энэ хийд их эрдэмтэн Зава Дамдингийн номын ордон байсан.

2006 оны 7 сарын 15

more photos on mongolian photo/
  • 09:00 Өглөөний цайгаа уугаад дөнгөж хөдөлж байтал км орчимын зайнд янгир байхыг олж харав. Янгирын зураг авч тэнд нэлээд байлаа.
  • 10:40 Том чулууг дээрээс нь өрөмдсөн юм шиг нүхэнд нүдний рашаан байдаг. Нүхэн дотроос нойтон шавар авч нүдэн дээрээ тавьцгаав. Нүд сайн харах болтугай.
  • 10:55 Хадан дунд улиасан төгөл үзэв. Тэндээс хөдлөөд хөтөл давахаар явж байтал машины хагас гол эвдэрч, анхны саатал гарлаа. Ингээд урд мостоороо явсаар байгаад Мандалговь орж тэндээ машинаа засууллаа. Орос машин засагдах нь амархан юм.
  • 23:00 Их газрын чулуун дээр ирж хоноглов. Тэр шөнө алдарт уртын дуучин Норовбанзадын нэрэмжит задгай театрын нээлт Их газрын чулуун дээр болж Дундговийнхон томоохон наадам хийхээр бэлтгэж байлаа.

2006 оны 7 сарын 16

more photos on mongolian photo/
  • 06:00 Энэ өдөр нэлээд газар хороохоор Өглөө эрт босоцгоолоо.
  • 07:18 Их газрын чулуунаас хөдлөв. Замдаа Гурвансайхан сумаар дайраад,
  • 09:30 Тэмээт уул, хатуу уулын хажуугаар өнгөрч явтал маш ойрхон 2 янгир тааралдлаа.
  • 14:11 Дундговь аймгийн Цагаан суварга гэж байгалын сонин тогтоцтой газар ирэв. Энд ирэхэд шороогоор шуурч байсан тул машиндаа өдрийн цайгаа чанаж ууцгаалаа.
  • 16:29 Айлаас улаан суварга хаана байгааг асуусан нь тэр айлын хажууд байгаа жижигхэн улаан довыг зааж өгөв. Ингээд 16:39-д улаан суваргад очлоо. Дэргэд нь очиход ув улаан шороон тогтоц байв.
  • 18:30 Өмнөговь аймгийн хил дээрээс эхлээд бороо орж эхлэв.
  • 22:30 Даланзадгад орж, Их сургуулийн ангийн охин Батсүхийнд очиж хонолоо.

2006 оны 7 сарын 17

more photos on mongolian photo/
  • Өглөө босоод Өмнөговь аймагтай танилцаж, дэлгүүр захаар явж усны гутал, цув хайсан боловч тэр нутгийнхан ийм зүйл хэрэглэдэггүй учир зах дээр байдаггүй юм байна.
  • 14:12 Говь гурван сайхан ууланд байдаг Ёлын ам явахаар хөдөллөө.
  • 15:25 Ёлын амны дархан цаазат газрын танилцуулах гэрт ирж, тэндээс тасалбар авлаа. Тасалбар нь нэг хүнээс 300 төгрөг авч байна. Энэ мөнгийг дархан цаазат газрын хамгаалалтад хэрэглэдэг гэдгийг сонсоод хэтэрхий бага байна даа гэж бодогдов.
  • 16:00 Жинхэнэ Ёлын амандаа ирлээ. Бороо орж байсан болоод ч тэр үү, зузаан мөс тогтсон хавцал маш сэрүүн байлаа.
  • 18:53 Ёлын амны байгалын музей үзлээ.
  • 21:49 Баяндалай сумын Төвхөн бригадын нутагт Төвхөн нуурын ойролцоо хоноглохоор буудаллав.

2006 оны 7 сарын 18

more photos on mongolian photo/
  • 08:30 Цайгаа уугаад хөдлөв.
  • 10:24 Хонгорын элсэнд ирлээ. Сэврээ, Зөөлөн уулын араар 180 км сунаж тогтсон манхт сул элс юм. Манханы өндөр нь 100-300 м. Энэ элсний хойд захаар Хонгорын гол урсана.
  • 15:26 Сэврэй суманд ирэв. Сэврэй сумын төвөөс талх авахаар хүлээх зуур говийн охид, хүүхнүүд мотоцикл унадгийг хараад гайхацгаав.
  • 17:40 Хүрэн ханангийн нуруунд ирлээ.
  • 18:30 Ноён сум орлоо.
  • 20:00 Ноён уул орчимын мөлгөр хөрзөн чулуу, занарын үеэс тогтсон Ханан хэц зэрэг хадархаг, эгц хажуутай том уулуудын дундуур аялав.
  • 21:00 Хүүхэнхүү гэдэг айлд буудаллаж, Ноён уул, түшмэл уул, Сэврэй хатан уул, ханан хөшиг хад, толь хад зэргийн тухай сонирхолтой домог сонсов. Домогт өгүүлсэнээр Ноён уул, сэврэй хатан хоёр муудалцаад дундуураа хөшиг татсан. Тэр нь Ханан хэц. Ноён цэрэг, түшмэдүүдээрээ хүрээлүүлээд байдаг. Хатнаа хааяаа санахаараа Толь хаданд хардаг юм гэнэ.
  • 23:15 Баян-Өндөрийн баруун хойд хөтөл дээр бууж хоноглов.

2006 оны 7 сарын 19

more photos on mongolian photo/
  • 07:00 Нилээд халах шинжтэй. Говийн нар бараг л тогооны таглаа шиг юм мэлсхийтэл мандав.
  • 09:10 Хөгшөө ууланд ирж, сонин нүхтэй хадны зураг авахаар зогсов.
  • 10:05 Гурван тэс сус орж ирэв. Энэ сум монголын хамгийн том нутагтай сум юм.
  • 13:38 Эртний амьтадын үлдэгдэл олддог баянбүрд Нарандаацад ирэв. Энд Говийн судалгааны ангиуд буудалладаг байжээ.
  • 16:40 Говийн баянбүрд Зулганайд ирлээ. Зэгс ургасан, устай газар тул халууцаж явсан бидэнд хамгийн сайхан газар байлаа. Энд шувууны зураг авах гэж нэлээд ялаанд хазуулав.
  • 17:31 Зулганайгаас Хэрмэн цав явахаар элсэн дундуур гартал машины мотор дотор ямар нэг юм эвдэрэв. Ингээд хамгийн ойр байгаа сумын төв 70 км, явганаар явбал хүрэх эсэх нь тодорхойгүй. Бидний найдлага бол жуулчны машин хүлээх, эсвэл сансарын утсаар Даланзадгад руу ярьж сэлбэг авах байлаа. Энэ дашрамд надад сансарын QualComm GSP-1600 маркийн утас өгч явуулсан МонСат компанийн хат олонд талархал илэрхийлье. Аз таарч жуулчины 97-12 УБР дугаартай машинтай Ганбаатар гэдэг жолооч ирж, түүнд манай машины эвдэрсэн сэлбэг байж машинаа засаж, ялаанд идүүлсээр л.
  • 22:09 Бид майхнаа хонхорт барьчихсан байсан тул ялаа бариулах шахав. Майхнаа бариатай хэвээр нь дэнж рүү зөөлөө.
  • 23:30 машинаа засаж дууслаа. Бид аялалаа цааш үргэлжлүүлэх боломжтой болов.

2006 оны 7 сарын 20

more photos on mongolian photo/
  • 09:52 Хэрмэн цаваар явах маршрутаа өөрчилж, жуулчны машинтай хамт Баянхонгорын Шинэжинст явахаар хөдлөв.
  • 13:00 Баянхонгор аймгийн нутагт маш саглагар албаар хүмүүсийг амрахад зориулсан юм шиг ганц модны сүүдэрт бууж амарцгөөв.
  • 15:33 Шинэжинст сум орж машин дахиад эвдэрчих вий гэсэн түгшүүр арилав. Тэндээс машиндаа сэлбэг, өөрсдөө хоолны хольц аваад 16:20-д Баянговь сум руу гарлаа
  • 16:35 Шинэжинст суманд гуанз байдаггүй юм байна. Тэр хол хэн ч ирж хоол иднэ гэж гуанз ажиллуулах юм билээ. Аргагүй эрхэнд сумын төвөөс гарангуут үдийн цайгаа бараг орой болох гэж байхад уув.
  • 21:05 Баянговь сумын нутагт цагаан булаг гэж газарт хүүхдийн гар, хөлийн мөртэй сонин тогтоцтой гулсуур хэлбэрийн чулуутай газар ирж хоноглов.
  • Орой харанхуй болтол хэц татаж байгаад гар бөмбөг тоглов.

2006 оны 7 сарын 21

more photos on mongolian photo/
  • 10:54 Цагаан булагаас усны савуудаа дүүргэж аваад хөдлөв.
  • 12:25 Баянговь сумын төв оров.
  • 13:20 Машин доголдоод, засахаар зогсов. Машин ойр ойрхон засуулаад байх нь аялагчдын сэтгэл санаанд муугаар нөлөөлж байлаа.
  • 16:50 Орог нуурын хажуугийн шаварт суух шахав. Шавараа тойроод гарч байтал нэг 69 өөдөөс пад пад дуугарсаар ирэхэд манай багийнхан бүгд 5 боолт, эсвэл нэг урт төмөр хугарсан гэж өөрийн машинд тохиолдсон туршилгаар оншилцгоов. Онош яг таарав.
  • 20:35 Баянхонгор аймгийн Өлзийт сумын хажууд хонохоор буудаллав. Таана үнэртсэн сайхан хөдөө байв. Шөнөжингөө бороо оров.

2006 оны 7 сарын 22

more photos on mongolian photo/
  • 09:18 Түйн голын эргээс хөдөлж, аялалаа цааш үргэлжлүүлэв.
  • 10:15 Баянхонгор аймгийн төв орж ирэв. Гуанзанд өглөөний цай уулаа. Зах, дэлгүүрээр нь хэслээ.
  • 14:30 Баян-Овоо сум ойн баяр наадамаа хийгээд морь гарч байлаа.
  • 15:20 Баян-Овоо сумын нутагт айлын гадна бууж, айраг авлаа. Энэ айл жижигхээн нуурын эрэгт гүү барьчихсан Жаргалтайн дэлгэр гэж энэ л байх гэж бодогдом байв.
  • 16:20 Галуут сумын нутагт сүмбэрийн голын хөндийд орших олон нуур гэдэг рлрн холбоо нуурууд дээр ирж шувууны зураг авлаа.
  • 17:34 Олгой нуураас Галуут гол урсан гарах 2 км орчим урт 100-150 м гүнзгий нарийн хавцал болох Галуутын хавцал руу орж үзлээ. Хавцалын өргөн дундажаар 10 м боловч нарийн газраа 1 м хүртэл болдог юм байна.
  • 20:31 Хан уулын бригад дээр байдаг Чин сүжигт Номун хааны хийд үзэв. Ханан дээрээ битүү зурагтай олон сүмтэй сайхан сүм байжээ. Хийдийн гадна хөдөөни й хүмүүстэй бөмбөг харилцаж тоглов.
  • 21:30 Хийдээс 7 км яваад буудаллав. Энэ өдөр бид шинэ махаар хоол хийж идэв. Бид говийг өнгөртөл халуунд мах муудна гээд дандаа борцтой хоол идэж явсан юм. Монгол борц, арвайн гурил, хатсан ааруул зэрэг аялалд тохиромжтой хоолыг говиор явахад авч явахад хамгийн тохиромжтой хоол байв.

2006 оны 7 сарын 23

  • more photos on mongolian photo/07:44 Завханы Отгон сум орохоор хөдлөв.
  • 09:22 Жаргалант суманд ирлээ. Байдрагийн гол үерлэсэн байв. Ус гатлахын тулд машиныхаа урд явганаар явж үзээд хойноос нь дагаж явсаар 11:40-д гатлаж дуусав.
  • 12:45 Загийн гол мөн л үерлэсэн байлаа. Загийн голыг гатласны дараа машинд бас л эвдрэл гарлаа. Зассаар байж 16:00-д цааш нь хөдлөв.
  • 17:50 Гурван булаг сум орж ирэв.
  • 18:43 Машин гажигтсаар л... Айлын гадна зогсож цай уув. Айлд хоол хийж идэцгээлээ. Энэ үеэр аялалын эмэгтэйчүүд нууц хурал хийсэн байв. Ямар асуудлаар хуралдсанаа нууцалж байсан ч баттай эх сурвалжаас авсан мэдээгээр бол аялалыг зогсоох тухай ярилцсан гэнэ.
  • 20:40 Машин цааш явах бололцоогүй байсан тул машинаа засахаар хоноглохоор буув.

2006 оны 7 сарын 24

  • more photos on mongolian photo/ 11:25 Цааш хөдлөж, Шар усны гол дээр ирэхэд бас л үерлэсэн байв.
  • 16:46 Завхан аймгийн Отгон сум орж ирлээ. Отгон сум орж ирэхэд алсааас Отгонтэнгэр уул харагдаад бид бууж зураг авлаа. EOS 350D-ийн зай дууссан тул IXUS 800IS-аар зураг авлаа. Баянжаргал манай нөхөр биднийг гүүрэн дээр хүлээж байгаа даа гээд очиход байсангүй, тэгвэл сумын төв дээр байгаа гээд очиход байсангүй. Холбоон дээрээс утсаар ярихад Улиастайгаас гараагүй байв. Зоогийн газар орж бүх зайгаа цэнэглээд, тэнд хооллоцгоов. Баянжаргал, түүний нөхөр Баярсайхан бид их сургуулийн нэг ангийн андууд билээ. Бид нилээд олон жилийн өмнөөс л монголоор тойрон аялал хийнэ гэж ярьдаг байсан ч нэг л амжихгүй явсаар өдий хүрсэн юм.
  • 23:00 Баярсайхан, охин Одонтуяа, найз Цогоо, түүний эхнэрийн хамт ирэв. Баярсайхан сумын зочид буудал руу яриад зохицуулсан байсан тул бид зочид буудалд хоноцгоолоо

2006 оны 7 сарын 25

  • more photos on mongolian photo/06:00 Өглөө нар мандахад Отгонтэнгэрийн зураг авахаар Буянт голын эрэг дээр очив. Үүлтэй байсан боловч үүлэн чөлөөгөөр зургийг нь авч амжив. Баярсайхан хувьтай хүнд л харагддаг уул даа гэж байв. Бид хувьтай яваа л юм байлгүй.
  • 11:28 Зочид буудлаас хөдөлж, замдаа айлаас хонь авахаар сумын төвөөс жолооны курст сууж байсан нэг залуу авч явав. Замдаа Дашням гэдэг айлаас хонь авав. Хонь гаргаж байх хооронд хүүхдүүд кино үзэв. Хөдөөний айлууд ихэнх нь нарны зайгаар ажилладаг зурагт, CD тоглуулагчтай болжээ.
  • 18:28 Буянт бригадын төв дээрээс Отгонтэнгэрийн зураг авлаа. Эндээс Отгонтэнгэрийн орой тав гэзэгтэй хүний толгой шиг сонин харагддаг юм байна.
  • 18:38 Отгонтэнгэр уулын хормойд очиж машинаас бууж явган алхацгаав. Отгонтэнгэр уул нь 4021 м өндөр, мөнх цастай эртнээс онголон тахиж ирсэн Монголын их тахилгат уулын нэг. Мөнх цаснаас доошхно Бадар хундага гэдэг нуур бий. Зах дээр арц л бол Отгонтэнгэрийнх гэдэг. Энэ нь тэндэхийн арц үнэхээр алдартай арц гэдгийг харуулж байгаа юм.
  • 19:55 Отгонтэнгэр уулын хормойд Байгал орчны яамны сайдын ивээлээр Очирваань бурханы баримал барьжээ. Бид тэр бурханы өмнө зураг авахуулав.
  • 20:57 Бадархундаганы доод талын овоо дээр гарцгаав. Отгонтэнгэр уулын орой буданд нэг ил гарч, нэг далд орж байв.
  • 22:50 Хорхогоо хийж идэцгээв.

2006 оны 7 сарын 26

  • more photos on mongolian photo/08:00 Баярсайхны машинаар дөхөж очоод, цааш явган явсаар Бадар хундаганд очив. Бадар хундагын амсар дээр цас хаялж байлаа.
  • 13:12 Буцах замдаа мэлхий хадны зураг аваад бууж ирлээ.
  • 15:35 Очирваань бурханы дэргэдээс хөдлөв.
  • 16:25 Алтан элс нэртэй амандаа хийхэд уусдаг элсэн дээр ирэв. Ходоодонд сайн гэж хүн болгон идэж үзэв. Усанд уусахгүй мөртлөө аманд хийхэд уусдаг сонин элс байв.
  • 19:00 Буянт голыг хөвөөнд солонго татахыг хараад бүгдээрээ бууж зураг авлаа.
  • 19:41 Отгон сумаас гарч Улиастай орохоор хөдлөв.
  • 23:17 Цагаанхайрхан сумын төвийн хажууд Ширээтийн голын хөвөөнд хоноглов.

2006 оны 7 сарын 27

  • more photos on mongolian photo/08:19 Цагаанхайрхан сум орчмын уулуудын зураг аваад Ганцын даваа өөд өгсөх үед машин доголдож эхэлсэн тул Баярсайханы машинаар нэг хэсэг чирэв.
  • 10:57 Бүх хүнээ буулгаад явсаар Ганцын даваан дээр гарч ирлээ. Ганцын даваан дээрээс Отгонтэнгэр уул 53 км холоос харагдаж байгаа ч маш сайхан харагдаж байлаа.
  • 11:26 Улиастай орж ирэв.
  • 12:30 Бидний машин эвдэрсэн тул засварын газар олж засуулахаар боллоо. Бүтэн ээлж хийхээр боллоо. Хэд хоногтой Завханд байхаар боллоо.
  • 16:30 Хайрхан даваан дээр гарав. Эндээс Отгонтэнгэр уул 46 км-ийн зайтай харагддаг юм байна.
  • Улиастайд Баярсайханы хүргэн ахынд хоноцгоов.

2006 оны 7 сарын 28

  • more photos on mongolian photo/Бүтэн өдөржингөө машины сэлбэг, засварын газар хайсаар өнжив. Энэ хооронд Баярмагнай ах, дүү гурван чулуу, хараацайны үүр зэргийн зургийг авчээ.
  • 21:00 Манай машин засагдаагүй учир Баярсайхны машинаар Даян гарахаар явцгаалаа. Хүүхдүүд хоцров.
  • 23:00 Даянгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч Даваадоржийнд очиж хонов. Шүлэг бичдэг, байгалаа гэсэн сэтгэлтэй сайхан хүн байлаа. Тэднийх хоёр настай хүн байсан ч маш том түмпэнээр нэг боов хийсэн байв. Тэгээд Даян дээр гарах хүмүүс их ирдэг болохоор 7 хонодоггүй юм гэхэд бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл мэдрэгдэж байлаа.

2006 оны 7 сарын 29

  • more photos on mongolian photo/11:00 Даян дээр гарахаар машинаараа явлаа. Дагвадорж гуай Даян дээр чулуун арслан хийж байгаа тул суурийн цутгах ус авч явав.
  • 11:32 Хоёр Даянгийн хоорондох хөтөл дээр гарав. Тэндээс Дагвадорж гуайд туслаж буян болохоор эрэгтэйчүүд нэг, нэг шуудай элс үүрч, эмэгтэйчүүдэд зургийн хэрэгсэлээ үүрүүлэв.
  • 12:52 Далайн түвшинээс 2450 м өндөрт байрлах Хойд Даян дээр гарлаа. Маш том чулуутай сонин газар байв. Эндээс Отгонтэнгэр уул ар талаасаа 23 км-ийн зайтай харагдаж байлаа. Ар талдаа цас багатай юм байна. Энэ газар нь эмийн ургамал, ан амьтанаар элбэг монголын ариун дагшин газруудын нэг.
  • 14:21 Дагвадорж гуай бидэнд юм үзүүлэнэ гээд дагуулж явсаар Вансэмбэрүү цэцэг зөндөө ургасан газар авч ирэв. Үнэхээр л үүд хойморын зайтай ургадаг, хүүгийн минь зулай шиг хүрэнтэх тэргүүнтэй үзэсгэлэнт сайхан цэцэг байлаа.
  • 15:35 Урд Даян дээр гарлаа. Аварга могой шиг хэлбэртэй том хад байдаг юм байна. Энд зүрхэн хэлөэр гаргаж ухсан юм шиг чулууны хонхорт ус тогтсон байв.
  • 16:15 Дагвадорж гуай Отгонтэнгэр уулын маань уншиж, сан тавьж бид ч гэсэн бяцхан тахилга үйлдэв.
  • 17:30 Даянгаас бууж ирээд, хоол цай хийж, Дагвадорж гуайнхантай хамт хооллов.
  • 22:08 Богдын голын усан цахилгаан станцыг очиж үзлээ.
  • 23:00 Улиастай орж ирэв. Манай машин засагдаж дууссан байлаа. Маргаашаас аялал цааш үргэлжлэх боллоо.

2006 оны 7 сарын 30

  • more photos on mongolian photo12:50 Жавхлан толгой дээр гарч Завханаас тодорсон хутагтуудад зориулсан суваргуудыг үзлээ. Хажууханд сүм байдөг вм байна.
  • 14:30 Баярсайхан, Баянжаргал, хоёр охины хамт, Цогоогийнх 5-уулаа биднийг гаргаж өгөхөөр Мөстийн амны амралтад очлоо. Маш сайхан газар байв. Монгол гэрийн тооноор Уулын орой харагдаж байлаа.
  • 18:17 Үдэлтийн ажиллагаа үргэлжилсээр, бид цааш явах, үдэгчид буцах чадваргүй болж Улиастайн голын хөвөөнд хоноглохоор боллоо.
  • 19:20 Хүүхдүүд загас барьж хоол хийцгээлээ.

2006 оны 7 сарын 31

  • more photos on mongolian photo09:15 Өглөө эртхэн босож цайгаа уугаад, дахин үдэлт хийгээд бид долуулаа аялалаа үргэлжлүүлэв. Баянжаргал, Эрдэнэтуяа нар Улиастайд хоцров. Энэ дашрамд биднийг Завхан аймгаар аялаж явахад гүн туслалцаа үзүүлсэн ангийн анд Баярсайхан, Өаянжаргал, завханд танилцсан Цогоо, түүний гэр бүлийнхэнд талархал илэрхийлье. Энэ өдрийн аялал Монгол элс, Борхярын элс гэж монголын 2 том элсний дундуур үргэлжлэв.
  • 13:15 Эрдэнэхайрхан сумын нутаг Их хайрхан ууланд ирэв. Энд 108 агуй байдаг гэнэ. Гадна халуун байсан ч агуйд маш сайхан сэрүүн байлаа. Бид агуй дотор цайгаа өдрийн цайгаа уулаа. Агуйн мухарт хүрэхээр зөндөө хол явсан боловч цааш явах боломжгүй болоод буцаж гарлаа.
  • 21:29 Тээлийн гүүрийн хажууд гуанзанд бууж оройн хоол идэв. Сар хайрхан гэж тал дээр сонин шовгор уул байна.
  • 23:00 Завхан аймгийн нутгаас дөнгөж гараад, Дөргөн сумын нутагт Тээлийн голын хажууд хоноглов. Шөнө халаад бараг унтаж чадсангүй.

2006 оны 8 сарын 1

  • more photos on mongolian photo06:30 Өдөр халж магадгүй гээд өглөөний сэрүүнээр газар хороох санаатай эрт босоцгоов.
  • 08:55 Чоно харайхын гүүрэн дээр ирж ингэний хоормог уув.
  • 09:44 Хар-ус нуур, Дөргөн нуур хоёрын хооронд айл байхгүй байв. Алсад Жаргалант хайрхан уул харагдана.
  • 09:57 Хар-ус нь эрэг дээр ялаа шумуул элбэг, нуурын мандал дээр шар цэцэг, шувуу их, 72 км урт, 26 км өргөн, дундаа аралтай, хулс шагшуурга элбэг нуур.
  • 15:00 Маш халуун байсан тул байсхийгээд л машины ус халж зогсоно. Жаргалант хайрхан уулын зүүн талаар гарч Манхан сум орохоор явсаар л...
  • 17:12 Манхан сумын төв орж, дэлгүүрээс хуурай идэх юм авч идээд Цэнхэрийн агуй руу хөдлөв.
  • 18:37 Манхан сумын төвөөс баруун тийш 25 км зайтай Хойд цэнхэрийн голын баруун талын ууланд нэлээд дээр байрлах 220 м урт хонгил агуй болох Цэнхэрийн агуйд очив. Энэ агуйд МЭӨ 20-15 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан гэж үздэг. Агуйн ханаар янгир, тэмээн хяруул, шувууны сүг зураг элбэг. Агуйн дотор овоо барьж, зургийг хүрээлэн тодруулсан нь түүх дурсгалын зүйлсийг хамгаалах бодлого, мэдлэг дутагдаж байгааг харуулав. Хайран юм.
  • 19:21 Агуйгаас доохно ханан хадан дээр нилээд сүг зураг байдаг юм байна. Тэр сүг зурагны дээд талд Улаан номонд орсон Өрөв тас (Ciconia nigra) шувуу үүрээ зассан байлаа. Өрөв тасын зураг авах гэж цаг гаруй болов.
  • 21:40 Дунд цэнхэрийн гол өгсөн хавцал дундуур явсаар Тагтааням гэдэг айлд сүү хөөрүүлж байтал буув. Сүү хөөрүүлж байхад буусан хүн сайхан сэтгэлтэй явна гэж бэлэгшээн сүү хийж өгдөг монгол заншилаар бидэнд бүгдэд нь сүү хийж өгөв.
  • 23:46 Маргааш өглөө эрт босож нар мандах үед Мөнххайрхан уулын зураг авахын тулд хавцалаар өгссөөр, Улаан говийн хүрээн дээр ирж буудаллав. Өдөр халууцаж явсан бид даарч эхлэв.

2006 оны 8 сарын 2

  • more photos on mongolian photo07:30 Өглөө будантай, сэрүүхэн байв. Мөнххайрхан уулын зураг авав. Мөнххайрхан уул нь Монгол Алтайн нурууны гол хэсэг, оргил нь Таванхумст уул, 4205 м өндөр. Өглөөний цайнд Тагтаанямынхаас авсан ямааны сүүгээр цай чанаж ууцгаав.
  • 09:55 Мөнххайрхан сумын дэргэд, Алагтэхийн гол дээр зогсож ус авч, нүүр гараа угаав. Цааш нь хавцалаар өгсөв. Ховд, Баян-Өлгийд үзэсгэлэнт хавцал олон байдаг.
  • 11:31 Мөнххайрхан уулыг нилээд ойроос харав. Маш том чулуу дундуураа хуваагдсан байгаа нь их сонин харагдав.
  • 11:50 Долоон нуурын хажуугаар явлаа.
  • 14:21 Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт Мухтан гэдэг казак өвс хадаж байсантай тааралдаж, тэдэнтэй хамт өдрийн хоол, цай хийж идэв.
  • 16:24 Булган сум орж, хамгийн үнэтэй, 800 төгрөгийн талх авав.
  • 19:40 Улаагчийн даваа өгсөж явсаар, нилээд дээр гарч машины ус хөргөж зогсов.
  • 23:00 Дэлүүн сум өнгөрөөд 10 км яваад буудаллав.

2006 оны 8 сарын 3

  • more photos on mongolian photo08:50 Өглөөний цайгаа уугаад, хөдлөв. Баян-Өлгий аймаг тарвага элбэгтэй байв.
  • 10:39 Толбо сум орж ирэв. Сумын хажууханд Байколов, Хасбаатар нарын хөшөө байв.
  • 11:37 Толбо нуурын хөвөөнд ирлээ. 18 км урт, 10 гаруй км өргөн нуур. Энд Хасбаатар, Байкалов нарын цэргүүд бүслэлтэнд орж байсан газар дурсгалын хөшөө босгосон байв. Алсад Алтайн нурууны ноён оргил цайран харагдана.
  • 13:55 Өлгий хот орж ирэв.
  • 15:43 Булган голыг уруудан Ачит нуур руу явлаа. Булган гол үерлэсэн сүртэй харагдаж байлаа.
  • 18:07 Ачит нуурын хөвөөнд ирлээ. Энэ орчимд Дэвэл арал гэж байх ба энд гургуул шувуу амьдардаг. Зуны цагт Дэвэл арал хүрэх боломжгүй юм байна.
  • 19:30 Ачит нуур дээр 11 дэгдээхэйгээ дагуулсан галууны зураг авч гайхацгаав. Яг цэцэрлэгийн хүүхдүүд зам хөндлөн гарч байгаа юм шиг.
  • 20:00 Ачит нуурын хөвөөнд усанд орж, оройн хоолоо хийж идэцгээв.
  • 24:00 Шөнө харанхуй болчихсон тул Бөхмөрөн сумын нутагт буудаллав. Буугаад майхнаа барьчихаад харсан чинь маш их шумуул. Нэгэнт майхнаа барьчихсан юм чинь хонолоо. Хожим сонсоход Бөхмөрөн сумынхан зуны цагт шумуулаас зугатаж 60 км нүүдэллэж зусдаг юм байна. Бид яг шумуул дунд хоножээ. Сайн, битүү майхны ачаар ялаанд хазуулалгүй хонов.

2006 оны 8 сарын 4

  • more photos on mongolian photo07:44 Өглөө босоод, майхан дотроо бүх хувцасаа өмсөж, ганц дайралтаар машиндаа сууцгаалаа.
  • 08:45 Шумуулгүй газар, Сагил сумын нутагт ирж нүүр гараа угаав.
  • 10:16 Үүрэг нуурын хөвөөнд ирлээ. Эндээс Можоогийн хадны зураг үзэхээр хилийн застав дээр ирлээ. Бид хилийн орчим аялал, зугаалга, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах ёстой байдгийг мэдэхгүй байснаас тийм бичиг байсангүй. Ингээд бид бүх бичиг баримтаа шалгуулаад, учирлан гуйсны эцэст Можоогийн хадаа хайсан боловч олсонгүй.
  • 12:20 Буцаж Үүрэг нуур луу явж байгаад хадны зурагтай тааралдаж авлаа.
  • 13:24 Үүрэг нуурын хөвөөн дээр ирж өдрийн хоол хийж идэн, усанд орцгоов. Намайг бага байхад манайх энэ нуурын эрэгт байсан ба манай гэр ёроолд нь байсан чулуу одоо нуурын голд нилээд хол харагдаж байна. Ингээд энд тэндэхийн нуур ширгэж байна гэж их сонсдог бидэнд ус нь ихэссэн нуур байгаа нь сайхан санагдаж байв.
  • 19:30 Хаг гэдэг газар миний нагац ах Төгсөөгийнх дээр ирж хонохоор буудаллав. Нагац маань аймгийн төв явсан байв. 23 цагийн үед биднийг ирнэ гэдгийг аймгийн төвөөс сонсоод ирэв. Шөнө 2 цаг хүртэл хөзөр тоглож юм ярьцгаав.

2006 оны 8 сарын 5

  • more photos on mongolian photo08:10 Хархираа, Түргэний уулсын зураг авлаа. Үүрээр адуу авчирахаар адуунд явлаа.
  • 10:05 Нагац маань бидэнд хорхог хийж өгөв.
  • 13:30 Өдөржингөө морь бугуйлдах, эмнэг булгиулах зэргийг харж, зургийг нь авч хөдөөний амьдралын жаргалтай нэг өдрийг харлаа.
  • 16:20 Эмнэг булгиулах тэмцээн явууллав
  • 17:20 Морь бугуйлдах тэмцээн явуулав
  • 18:40 Хагаас хөдөлж Улаангом авлаа.
  • 19:57 Улаангом орж ирлээ. Аймгийн төвөөр явж, ах дүүгээрээ ороод орой болгов.

2006 оны 8 сарын 6

  • more photos on mongolian photoӨглөө мөн л айлуудаар ороод, үдээс хойш Тээлийн гол орохоор боллоо.
  • 15:18 Улаангомоос хөдлөв.
  • 15:47 Тээлийн голын хөвөөнд ирж, үдэлт хийхээр зогсож, хоол унд хийцгээлээ.
  • 16:00 Шатрын аварга шалгаруулах тэмцээн явагдаж, Баярмагнай түрүүлэв.
  • 19:14 Малчин сум руу хөдлөв.
  • 20:10 Малчины хөдөөгөөс бага насаа өнгөрүүлсэн нутгийн бараа харагдаж, сэтгэл их хөдөлж байлаа.
  • 21:26 Малчин сумын Хүрэн морьтын рашааны дэргэд аавын гэрийн буурин дээр майхнаа барьж хонолоо.

2006 оны 8 сарын 7

more photos on mongolian photo
  • Энэ Малчин сум нь миний бага насаа өнгөрүүлсэн дурсамж дүүрэн, сайхан нутаг билээ. Энд өвөлдөө маш их цас унадаг тул цана, чарганы нутаг байсан юм.
  • 07:25 Баянхайрханы овоо дээр гарахаар Хүрэн морьтоос хөдлөж, Хүрэн морьтын рашаанаас ус авав.
  • 08:00-09:00 хүртэл сумын төвийн айлуудаар орж явах хүмүүсээ аваад хөдлөв.
  • 10:22 Баянхайрханы овоо дээр гарч ирэв. Баянхайрхан уул нь Хан Хөхийн нурууны үргэлжлэлд орших 2280 м өндөр, орой дээрээ нууртай, 2 овоотой, морь уралдах, бөх барилдах талбайтай сонин тогтоцтой уул юм. Энэ уулын орой дээрээс тэр хавийн бүх сумын нутаг харагддаг.
  • 11:47 Биднийг тэнд байхад овоо тахихаар хүмүүс гарч ирэв. Биднийг бага байхад Баянхайрхан уулыг хүүхэн савдагтай гээд эмэгтэй хүн хамаагүй гардаг байв. Одоо бусад газрын овоо тахилгаас халдварлан gender-ийн асуудалтай болсон байна. Эмэгтэй хүн гардаггүй байсан юм гэж лам, харгүй урьдны явдлыг мэддэг болж...
  • 17:23 Малчин сумаас Хяргас нуур луу хөдлөв.
  • 19:09 Хяргас нуурын хөвөөнд ирэв. Энд бидний танил хүмүүс тааралдаж, тоглож, усанд орсоор орой болгов.

2006 оны 8 сарын 8

more photos on mongolian photo
  • Өглөөнөөс эхлээд л бүгдээрээ нуурын усанд орцгоов.
  • Өдрийн хоолонд хуушуур хийлээ.
  • Энэ өдөр амралтын байдалтай өнгөрөв.
  • 21:37 Бидэнтэй Баянбаглаагийн багийн 7 хүн нэгдэж цааш хэцүү хад орж хонохоор хөдлөв. Машин элсэнд суугаад нилээд юм болж байж гаргаж авсан чинь машин эвдэрчээ хөөрхий. Ингээд Наранбулаг сум орж гагнуур хийлгэх шаардлагатай болж, бид дахиад Хар тэрмис дээрээ хонох боллоо.
  • Машин байн байн эвдэрэх нь хүмүүсийг их бухимдуулдаг юм байна. Цаашид аялалд гарахаасаа өмнө машин эвдэрч болно гэдгийг аялагчддад ойлгуулах хэрэгтэй юм. Эвдэрэхгүй бол сайн л биз

2006 оны 8 сарын 9

more photos on mongolian photo
  • Машин засагдахыг хүлээн нилээн орой босож цай, хоолоо идээд, дахиад л усанд орцгоов.
  • 13:00 Хар тэрмис хавийн газруудын зураг авлаа.
  • 15:10 Загас барих гэж нилээд оролдсон боловч тэр хавьдаа загас байхгүй байлаа.
  • 17:55 Хэцүү хад руу дахиад л хөдлөв.
  • 19:29 Исгэрхээр боргилдог рашаан дээр ирэв.
  • 21:51 Хоёр дахь оролдлогоороо Хэцүү хад дээр ирэв. Манай гэр бүлийн хувьд энэ газар 2 дахь удаагаа ирж байгаа нь энэ юм.
  • 22:00 Нуурын усанд орж, юм ярилцаж суусаар нилээд оройтов. Маш тогтуун сайхан байлаа.

2006 оны 8 сарын 10

more photos on mongolian photo
  • 07:44 Өглөө эртлэн босож нар мандах үед Хэцүү хадын зураг авч, өглөөний цайгаа ууцгаав.
  • 11:00 Усанд орцгоов. Нуурын ус маш тунгалаг сайхан байлаа.
  • 12:37 Усанд орж байтал гэнэт нуурын нөгөө талд шороон шуурга болж, удалгүй бидний байсан эрэг дээр ирэв. Бид майхнаа яаравчлан буулгаж эвхэлгүйгээр машиндаа чихэв.
  • 12:45 Юу ч харагдахгүй харанхуй шуурч байв. Нуурын сүртэй давалгаа миний зураг авах сонирхолыг татаж дээлээ өмсөөд нуурын хөвөөнд очиход нуурын ус хийсээд бороо орж байгаа юм шиг байв. Миний хойноос манайхан цувж очсоор бүгд норцгоов.
  • 14:43 Салхи бүрэн зогсов. Бидэнд энэ 2 цаг бидний аялалын оргил үе болж аймшигтай шуургыг бүгд ямар гоё давалгаа таараваа гэж магтацгааж байв. Энэ хугацаанд бид 464 зураг авч богино хугацаанд олон зураг авсан рекорд тогтоолоо.
  • 16:21 Хоол цайгаа уугаад, Хяргас нуурын хөвөөнөөс Улаанбаатарын зүг буцлаа.
  • 20:27 Завхан аймгийн Сант голоос ус авч оройн хоолоо хийцгээв.
  • 21:52 Завханы Сонгино сум дайрав.
  • 23:13 Завханы сонгино сумын нутагт Ялаатын дөрөлжид буудаллав.

9 comments:

М.Огоо said...

Sain yavaad zondo ih olztoi ireerei. Ireed sonirhuulj ayanii bogzoo zadlah baih gej bodoj bna

Gansukh.N said...

Энэ аялал өнгөрсөн зун хийсэн ба аялалын бүх зураг http://mongolia.photoreflect.com вэб дээр байгаа

Anonymous said...

uneheer gaihaltai ayalal boljee. MGL ooroo hondlon guld neg ingej yawj uzhiimsan.

ta nariinhaa ajil uilsed amjilt husie.

Баттулга said...

Ийм хол, ийм олон хоног яаж явж байнаа. Гоё байх даа. Та жил бүр ингэж явдаг юм уу? Дараа жил хаашаа явах вэ?

Gansukh.N said...

Маш сайхан байдаг. Дараа жил 2 аялал хийнэ. Хавар эрт юм уу намар орой Говь-Алтай аймгаар, зун Хэнтийн, Сүхбаатар, Дорнод, Дорноговиор явна.

Bayaraa said...

Монгол сайхан аялалын Завхан дахь хэсэгт оролцох боломж олгосон ангийн андууддаа баярлалаа. Монгол орон үзэх юмтай бахархах зүйлтэй гэдгийг гэрэл зураг болон аялалын тэмдэглэлээрээ сурталчилж байгаа нь бахархууштай. Цаг зав боломж гаргаж зорилгодоо хүрэхийг хүсье. Энэ аялалыг байнга дэмжижи байх болно. Монгол сайхаааан

Gansukh.N said...

Баярсайхан. Баярлалаа.

seriyoz said...

ene yostoi sonirxoltoi ayalaliin temdeglel bn daa. taalagdlaa

gobi said...

Таны явсан өмнөговь аймгийн энэ газрууд би бүгдээрэнгээр нь явж байсан ялангуяа Сэврэй сум, Хонгорын элс бол надтай их холбоотой шүү ;)

Mongolian Photo

Photos of Mongolia