Sunday, December 24, 2006

Нүд


Гэрэл зурагчин Ш.Отгонжаргалын Нүд нэртэй үзэсгэлэнг үзэж дуусаад түүний ажил, амжилтын түүхээс үзэж байтал гэрэл зургийн мэргэжилийг 1 жилийн дамжаагаар эзэмшсэнийг нь хараад дипломыг сургуулиас авдаг, мэргэжилийг авъяас, хөдөлмөрөөр олдог гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Мөн гэрэл зургийг аппаратаар биш мэдрэмжээр, зөвхөн тухайн агшинд л авдаг билээ. Түүний авсан зургуудад мөнх цаст Алтайн уулс, Өмнийн цэнхэр говь, өвлийн хүйтэн жавар, зуны халуун нар гээд монголын хамаг сайхан бүхнийг өгүүлсэн нь уйгагүй хөдөлмөрийн илрэл.
Үзэсгэлэнд жараад зураг тавигдсан байлаа. Жаран зураг авах жархан агшин ч хүн болгонд тохиолддоггүй жаран агшин байдаг. Мөн жаран зураг авахын тулд хэдэн зуугаас, хэдэн мянган зураг авдаг билээ.
Зурагчин бүсгүйн нүд олон сайхан зүйлийг харж, бусдын нүдэнд харуулжээ.
Зурагчин Отгонжаргалд авсан зураг нь од шиг болж, гаргасан үзэсгэлэн нь маш олон болтугай гэж ерөөе.
Би дараа Отгонжаргалаас зураг авч миний блогийг уншигч та бүхэнд харуулнаа.

Sunday, December 17, 2006

Сэтгэл гарга

Та хэний төлөө хадаас хадах нь хамаагүй, хадсан шиг хад! Хазгай цохивол таны хуруу бяцрана.

Ажилдаа үнэн сэтгэлээсээ зүтгэхгүй, хүний ажил хийж өгч байна гэж бодож ажилладаг хүн олон болжээ. Тэд чат, тоглоомын завсараараа ажилаа хийгээд байхад эзэн нь хохирох нь юу л бол.

Халдвартай аз жаргал, сайхан юм ховор, халдварлах нь маш удаан. Халдвартай өвчин элбэг байдаг. Та чатлах, тоглох зэргээр цагаа үр бүтээлгүй өнгөрүүлэх чинь эхлээд таныг юу ч хийх чадваргүй болгоно. Дараа нь найз нөхдийг чинь ажиллах чадваргүй болгоно. Дараа нь өрсөлдөгч чинь хүртэл энэ муу тоглож байхад би ажиллаж байхдаа яадаг юм гэж бодоод тоглож эхлээд таны хойноос орно.

Эзэндээ сэтгэл гаргахгүй байна гэдэг бол өөрийнхөө ирээдүйг баллаж байна гэсэн үг. Танд энэ ажил чинь таалагдахгүй байгаа бол сольсон нь танд ашигтай.

Thursday, December 14, 2006

Богд Зонхов ба Зулын 25


Шар малгайтны тэргүүн Богд Зонхов 1357 онд төржээ. Тэрээр таван зэргийг гийгүүлэгч зул, сайтар номлосон алтан эрхи хэмээх шастир, Охин тэнгэрийн магтаал, Парчингийн тайлбар зэрэг бүтээл туурвижээ. Зонхов нь 1417 оноос эхлэн сүм дуган бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг. Төвд, Монгол лам нарын номын хувцас шар болох, Гигү малгай, овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ.
Зонхов олон зуун шавь нартаа бурхны ном сургаал тавин, лүн, ван хүртээж, аглагт нямба бясалгал үйлдэн, олон зуун сүм дуган бүтээх нөр их ажлыг эхлүүлсэн байна.
Зураг дээр Зонховыг баруун мутраар галт сэлэм бүхий бадам цэцгийн ишнээс чимхэн, зүүндээ судар тавьсан бадам цэцгийн ишийг насны бумбаны хамт барин, очирт суудлаар сууж буйгаар бүтээж, дээр нь Жанрайсиг, Цагаан Дэмчиг, Цагаан Шүхэрт нар үүлэн дээр тэнгэрт заларч буйгаар дүрсэлжээ. Зургийн өвөрмөц дүрслэл болох Зонховын зүрхэн тушаа байх Бурхан багшийн дүр нь түүнийг бясалгаж буйг харуулсан байна.

Энэ их хүн 1419 онд өвлийн эхэн сарын 25-нд насан өөд болсон тул түүний дурсгалыг хүндэтгэн жил бүр зулын 25-ныг тэмдэглэдэг болжээ.

Азийн урлаг музейд хадгалагдаж байгаа эх зургаас гэрэл зургийг би авч Монголын урлагийн үнэт бүтээлүүд номонд оруулсан.

Морь нэг хөлөөрөө явдаггүй


Customer Relationship Management буюу харилцагчийг панаалдах систем

  • Манай талд урвачихаар дайсны талын харилцагч байгаа эсэхийг тагнах
  • Манайх таны найдвартай түнш гэж итгүүлэх
  • Зурагтаар реклам явуулж харилцагчдаа бие засах цаг гаргаж хүнд үед нь тусалснаа бүртгэх
  • Шинэ жилээр ил захидал явуулах
  • Харилцагчийн бүх мэдээллийг хэрэглэхгүй, хэрэггүй байсан ч цуглуулах
  • Манай талын хүнийг алдахгүй барих
үүрэгтэй системийг CRM гэдэг юм байна. Энэ систем нь өөрийн бараа, үйлчилгээг харилцагчид шахахад зориулагдсан байдаг ба сайн ажиллаад эхлэхээр барааны нийлүүлэлтийг сайжруулах шаардлага гарна. Энэ нь Supply Chaim Management (SCM) юм.

Supply Chain Management буюу нийлүүлэгчийг аргалах систем

Энэ систем нь:
  • Нийлүүлэгчийн шахаанд орохгүй байх (Төлөвлөгөөнд дарагдах)
  • Сайн барааг хямд үнээр болж өгвөл зээлээр авах
  • Хурдан нийлүүлэх
ажлуудыг зохион байгуулах систем юм. Энэ сайн ажиллаад эхлэхээр хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй дүүрэн хог овоолсон айлын илүү гэр буюу склад болох аюул тулгардаг. Энэнээс гарахын тулд илүү гэргүй систем буюу Inventory Management-ийг сайжруулах шаардлага гарна.

Inventory Management буюу Хог хураахгүй байх систем

Энэ систем нь:
  • Хүнд байгаа юмыг надад байна гэж хэлж байгаад бусдад зарах
  • Өөртөө байгаа юмаа хаана байгаагийн мэдэх
  • Хадгалж байгаа зүйлээ хав дараад муутгалгүй зарах
  • Сааль бэлдэхээр сав бэлдэхгүй байх буюу хадгалах юм байхгүй бол илүү гэрээ зарах
үүрэгтэй. Дээрх гурван зүйл сайн ажиллаад эхлэхээр албатаа сайн ажиллуулах буюу HRM-ийг хөгжүүлэх шаардлага гарна.

Human Resource Management буюу Морь нохой мэт зүтгүүлэх систем

Энэ систем нь:
  • Бусдад гайгүй зүтгэж байгаа хүнийг урвуулах
  • Урвуулсан ажилтнаа шүүсийн гартал шахах
  • Өөрт ажиллаж байгаа ажилтнаа ажлаасаа гарна гэж хэлэх аргагүй болгох
үндсэн гурван үүрэгтэй.
Энэ номыг уншаад дээрх дөрөв дөрвүүлээ сайн ажиллавал мөнгийг ч нэг хүүлэх юм шиг байна. Аль нэг нь доголдвол доголон морь маягтай л юм болох юм байна гэж ойлгов.

Вэб минь чи бид 2-т дэлхийн дэвжээ хэрэгтэй

Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй гэж агуу шүлэгнээс иш татаж постоо нэрлэв.

Монголд албан байгууллага, хувь хүн, "од"-ууд, нэг ангийнхан гээд бүх юм вэб хуудастай болж байна. Ямар сайхан бэ? Бээжингийн таксийн жолоочийн ямар хэлээр асуусан ч хятад хэлээр яриад байдаг шиг манай олонхи вэб монголоор "яриад" байх юм. Тэр хятад жолооч шиг тасралтгүй яриад байвал бас болж байна. Вэб нээгдэхдээ нэг сайн яриад цаашаа таг.

Монголын e-commerce-ийн хэдэн хаягаар орж үзэв. Төлбөрийн систем байхгүй монголд, худалдан авагч нь имэрч, мэрж үзэж байж авдаг монголд, 100 хүний нэг нь интернетэд ордог ч ихэнх нь майл харах, чатлах, мэдээ уншихаас цааш хэрэглээгүй монголд e-commerce яаж хөгжихөв дээ. Эдгээр вэбүүд бас л монголоор...

Таны бас миний вэб хаягийн өмнө WWW үсэг байдаг. Энэ үсэг нь World Wide Web гэдэг үг билээ. Вэб нээсэн л бол дэлхий бидний өмнө нээлттэй. Монголоороо байх сайхан л даа. Гэхдээ гадаадаар бичмээр байна. Монголоор бичсэнээс олон хүн уншина.

Вэб минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй

Mongolian Photo

Photos of Mongolia