Богд Зонхов ба Зулын 25
Шар малгайтны тэргүүн Богд Зонхов 1357 онд төржээ. Тэрээр таван зэргийг гийгүүлэгч зул, сайтар номлосон алтан эрхи хэмээх шастир, Охин тэнгэрийн магтаал, Парчингийн тайлбар зэрэг бүтээл туурвижээ. Зонхов нь 1417 оноос эхлэн сүм дуган бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг. Төвд, Монгол лам нарын номын хувцас шар болох, Гигү малгай, овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ.
Зонхов олон зуун шавь нартаа бурхны ном сургаал тавин, лүн, ван хүртээж, аглагт нямба бясалгал үйлдэн, олон зуун сүм дуган бүтээх нөр их ажлыг эхлүүлсэн байна.
Зураг дээр Зонховыг баруун мутраар галт сэлэм бүхий бадам цэцгийн ишнээс чимхэн, зүүндээ судар тавьсан бадам цэцгийн ишийг насны бумбаны хамт барин, очирт суудлаар сууж буйгаар бүтээж, дээр нь Жанрайсиг, Цагаан Дэмчиг, Цагаан Шүхэрт нар үүлэн дээр тэнгэрт заларч буйгаар дүрсэлжээ. Зургийн өвөрмөц дүрслэл болох Зонховын зүрхэн тушаа байх Бурхан багшийн дүр нь түүнийг бясалгаж буйг харуулсан байна.
Энэ их хүн 1419 онд өвлийн эхэн сарын 25-нд насан өөд болсон тул түүний дурсгалыг хүндэтгэн жил бүр зулын 25-ныг тэмдэглэдэг болжээ.
Азийн урлаг музейд хадгалагдаж байгаа эх зургаас гэрэл зургийг би авч Монголын урлагийн үнэт бүтээлүүд номонд оруулсан.
2 comments:
Өө, таныг мэргэжлээ сольсон гэж хүнээс дуулаад үгүй байлгүй гэж бодож байсан чинь, үнэн байсан байна шд
Монгол урлагийн гайхамшигт л татагдаад байдаг юм даа
Post a Comment