Friday, January 19, 2007

Хэдэн иксийн зүүмтэй аппарат вэ?

Хүмүүс хэдэн иксийн аппарат вэ гэж их асуудаг. Энэ үзүүлэлт аппараттай холбоогүй, линзтэй холбоотой байдаг. Мөн хүмүүс энэ үзүүлэлт их байх тусмаа л сайн гэж боддог. Татдаг линзийн гол үзүүлэлт хэд дахин өсгөдөг вэ гэсэн энэ үзүүлэлт байдаг ба энэ нь тухайн линзний хамгийн их фокусын зайг хамгийн бага фокусын зайнд хуваасан тоо юм. Жишээлбэл Canon EF-s 17-85mm линзний хувьд 85/17=5 болох ба 5x өсгөлттэй линз гэсэн үг, харин Canon EF 100-400 mm линзийн хувьд 400/100=4 ба 4x өсгөлттэй линз гэсэн үг. Эндээс Canon EF 100-400 mm линз нь Canon EF-s 17-85mm-тэй харьцуулахад бага өсгөлттэй боловч холын зураг авч чадна. Тийм болохоор аль их өсгөлттэй линзээр холын зураг авч болно гэсэн үг биш юм. Харин хэдээс хэд хүртэл фокусын зайтай линз вэ гэдэг чухал ойлголт. Фокусын зай их байх тусам холын юмны зураг татаж авах чадвартай, фокусын зай бага байх тусам ойрын зураг авах юм уу нэг зурагт том талбайн зураг авах чадвартай болдог. 35мм-ээс доош фокусын зайтай линзийг өргөн өнцөгийн линз (Wide angle lens), 35-70 мм-ийн линзийг ердийн (Normal lens), 70-200 мм-ийн линзийг холын (Telephoto), 200 мм-ээс дээш линзийг хэт холын (Super telephoto) гэж ангилдаг. Гэрэл зурагчин хүн тухайн нөхцөл байдлаас хамаараад хэрэгцээтэй линзээ сонгон хэрэглэх чадвартай болох хэрэгтэй байдаг.

2 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Блог гэдэг бол нэг ёсондоо хувь хүний мэдиа билээ. Тийм ч учраас сүүлийн үед уламжлалт мэдиагаас блогчдийн арми зарим талаараа илүү гарч байна. Саяхны жишээ хэлэхэд л, хэдхэн хоногийн өмнө болсон нэгэн том арга хэмжээний үеэр Билл Гэйтс уламжлалт том том мэдиагаас түрүүн блогчдийг сонгон ярилцлага өгсөн билээ. Энэ утгаар нь бодсон ч манай блогчдод болон ер энэ цагийн соёлт хүмүүсийн хувьд гэрэл зургийн тухай боловсрол нэн чухал юмаа. Сайхан блог нээн бичиж байгаа Гансүх танд баярлалаа. Таны зургууд гайхамшигтай шүү.

Nicole S said...

Hello mate great blog

Mongolian Photo

Photos of Mongolia