Wednesday, September 12, 2007

Эх орон таньдаа зориулав - 5. Сургууль, сургалт

Ном дор мөргөмүй
Лам (багш) дор мөргөмүй
Бурхан дор мөргөмүй
Хувраг дор мөргөмүй

Хөмөрсөн сав,
бохир сав,
ёроолгүй сав
гуравт ариун рашаан хийж яаж болохов.
Бодь мөрийн зэрэгээс
Энэ Post-ийг Амарсайханы шалгалт-ийг уншаад бичив.
Эртнээс нааш монголчууд ном, багш хоёрыг бурхантай дүйцүүлэн мөргөж залбирсаар иржээ. Шашин номын газрыг (сургуулийг) ариун номын газар гэж хүндэтгэдэг байж.

Манай монгол нэг хүнд ноогдох их, дээд сургуулийн тоогоор Геннисийн номонд ч орохоор болсон байх. Гэхдээ сургуульд юу зааж, юу сургаж, сурагч оюутнууд нь юу сурч байна аа. Сургуулиудад мөнгийг авсан юм чинь аргалж байгаад төгсгөе гэдэг шалгуур маш хүчтэй байна. Юутай ч Сургууль дор бас нэг мөргөчихье.

Нилээд хэдэн сургуулиар ороход архи уусан, тамхи татсан, хэзээ цээжилсэн нь бүү мэд конспекттай архаг хэдэн багш л байх юм. Сургуульд юм сурах аргыг л сургавал болмоор юм шиг. Тэгэхгүй бол угаасаа мэдээлэл 2 жилийн дараа хуучираад хэрэггүй мэдээлэл болно.
Багш нар дор дахиад нэг мөргөчихье.

Сургуулиудад байгаа ном нь нэг улсын хандиваар ирсэн англи хэлээр бичсэн хэдэн ном. Тэдэн дотор сайн ном байнаа. Бас хэнд ч хэрэггүй юмнууд бас байна. Гэхдээ л ихэнхи нь хуучин ном. Хуучин гэдэг нь хавтасыг нь хэлж байгаа юм биш. Интернетийг номын оронд нэг сайн ашиглахгүй байх шиг. Ном, интернет хоёрт дахиад нэг мөргөчихье.

Сурагчид бас их но байнаа. Бодь мөрийн зэрэгт Хөмөрсөн сав гэдгийг сонсохгүй шавь юу ч сурахгүй, бохир сав гэдгийг сонссон ч анхаарахгүй өөр зүйл бодвол юу ч сурахгүй, ёроолгүй сав гэдгийг сонссон ч мартвал юу ч сурахгүй гэж тайлбарлажээ. Төгсөөд наймаачин юм уу аль нэг хөрөнгөтөн улсад харлагч болохоор бол сургуульд мөнгө төлж хэрэггүй юм сурахын хэрэг байна уу? Үүнийг сурагч хүн бас анхаармаар юм.
Хэрэгтэй юмаа л сураасай гээд хувраг (сурагч) дор нэг мөргөчихье.

Wednesday, September 05, 2007

Эх орон таньдаа зориулав - 4. Номын дэлгүүр, ном

Суварга бүтээх нь буян их
Сургаалийг дагах үлэмж буянтай

Хөмөрсөн сав,
бохир сав,
ёроолгүй сав
гуравт ариун рашаан хийж яаж болохов.
Бодь мөрийн зэрэгээс

Хөдөө орон нутгаар явж байхад ариун номын оронд байна уу гэлтэй суваргаар дүүрэн орон болж МОНГОЛ. Сум болгон ядаж нэг суваргатай. Эмээлтээс Улаанбаатар орох замд бүр олон. Сайхан л байна. Суварга бүтээвэл буян болно гэдэг сургаалийг манай лам хуваргууд нэг л дутуу ойлгосон, ойлгуулсан бололтой. Хөдөөний хүмүүсээс танай суманд хүмүүсийн үздэг сайхан байгаль, түүх дурсгалын зүйлс юу байна гээд асуухаар манай суманд ч тийм юм байхгүй дээ тэр ууланд нэг хад бий. Бичигтэй гэх юм. Яваад очихоор Ум мааний бад ма хум гэсэн үгийг л бичсэн байх юм. Шаахар толгойн бичгийн дурсгал гэж маш том бичиг сүг зургийн дурсгал үзэж байхад хамгийн их бичиг, зурагтай хэсгийг нь голлуулаад өнөө л ум мааний бад ма хум-аа биччихэж. Юутай халаг. Юутай тэнэг вэ тэр лам. Эсвэл төдөн оны 8-р анги гэсэн бичиг бичнэ. Юутай гэнэн бэ тэр хүүхэд. Ховд аймгийн Манхан суман дахь Гурванцэнхэрийн агуй дахь зургийг тодруулж байж зургий нь хуулах гээд дээгүүр нь будгаар тодруулсан нь цаад зургаа ховхлоод уначихаж. Юутай мулгуй вэ тэр эрдэмтэн.
Гэхдээ түүнээс буян ихтэй ажил зөндөө байдаг бололтой. Энэ зун 3 аймгийн 30-аад сумаар дайрахад номын дэлгүүртэй сум нэг ч таарсангүй. Ном уншихаа больсоноос болоод юу болох, юу болохгүйг ялгахаа больж.
Суварга барихын оронд номын дэлгүүр баръя. Номын сан баръя.

Номын буян суварга бүтээх буянаас үлэмж их гэсэн Бурханы сургаалийг дагая.

Таны буян үлэмж арвин болог.

Mongolian Photo

Photos of Mongolia