Friday, December 05, 2008

Эрүүлээр битгий сэтгэ-2 Тоймч болж тоглов

Би эдийн засгийн талын мэргэжлийн хүн биш учраас энэ бичсэн зүйл шал худлаа ч байж магадгүй. Гэхдээ л ингэж бодогдоод байна.

Хямрал хаанаас эхлэхэв? Банкнаас.

Яагаад?

  1. Менежмент муутайгаас
  2. Ажлын туршлага муугаас (зээл их өгсөнөөс, ялангуяа орон сууцны зээл )
  3. Санхүүгийн тайландаа хөрөнгөө хуучин өртөгөөрөө (1000$-ийн хөрөнгийн өртөг хямралаас болоод 500$ болчихсон байхад 1000$-аараа байгаад байх) удаан байснаас банкны удирдлага буруу тоо харж удирдсаар удирдлагаа алдах
  4. Хууль тогтоомж, хяналтийн системийн алдаанаас болж

Банкны системийн хямрал болохоор бизнесийн цус болсон мөнгөний урсгал доголдож бизнес цонхийсон, удааширсан байдалд орно.

Банкийг яах вэ?

Банкуудад төрөөс мөнгө өгөх нь цус алдаж байгаа хүнд цус хийхтэй адил. Түр хацар нь ягаарч ирээд буцаад л цонхийчихнэ.

Банкууд манай банк яах ч үгүй, хэвийн ажиллаж байгаа, манайх хүүгээ нэмлээ гээд байгаа нь эмнэлэгт очсон хүнийг эмч үзээд энэ хүн нас барах юм байна гэхээр нь ах дүү нар нь нэг сайн уйлж аваад хөдөө байгаа ах дүү нараа дууддагтай төстэй. Тэд ирээд яахав. Түүний оронд наашаа ирье гэж бодож байгаа хүмүүс замын зардлаа явуул. Эм авч хийе гэсэн нь дээр. Тэгээд ч банкны захирал манай банк дампуурна шүү. Мөнгөө бушуухан аваарай гэж юу гэж хэлэхэв.

Гадаадын орнуудад хадгаламжинд төр баталгаа гаргаж өгч байгаа нь миний мөнгөө хадгалуулсан банк дампуурсан ч манай "нам", "засаг" надад мөнгийг минь буцаагаад өгчих юм чинь гэсэн итгэлийг хадгалуулагчид өгч хүмүүсийг мөнгөө буцааж татах ажлыг сааруулах оролдлого. Энэ сааралтыг ашиглан зөв менежмент хийж банкаа тэнхрүүлбэл цусны эргэлт сайжрана.

Бусад салбар яах вэ?

Хямралын барих гээд эдийн засгийн өсөлт багасах байх. Ойролцоогоор ойрын үед 2 дахин. Цагаан сар хүртэл 1$=2000 төгрөг орчим болох байх. Дэлхийд эдийн засгийн өсөлт 1%-аар багасахад 100 сая хүн ажилгүй болдог юм гэсэн. 6 тэрбум хүнд 100 сая гэхээр энэ пропорцоор нь бодоход монголд 200000 хүн ажилгүй болно. Тэд ядуусын эгнээнд шилжинэ. Хүмүүс ядуурхаар архи дарсанд орж гэмт хэрэг өсдөг.

Өргөн хэрэглээний барааны борлуулалт нэг хэсэг тогтвортой байх болов уу. Бусад нь ч мэдэхгүй.

Америк 400 триллионы өртэй гэх юм. Энэ өрийн ихэнх нь Хятад, япон хоёрт. Тэр их өрөө төлчихсөн ч байж магадгүй. Гэхдээ доллар нэртэй цаасаар. Тэдний худалдан авалт хямралаас болж багасахаар хятад, японы зах зээл багасаж хятад, японы борлуулалт багасана. Илүүдэл бараа ихтэй болно. Үнэ нь навс унана. Ингээд Монголд орж ирэх барааны өртөг унана. Сайхан мэдээ юм шиг хэрнээ муухай мэдээ.
Иим болохоор Монголд хямдрал сайн зарлаад складаа хурдан хоосон болгох хэрэгтэй. Сарын нөөц хадгалдаг байсан бол 14 хоногийн нөөц бариад эргэлтээ хурдан болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэтэй нөөцөө хадгалаад байвал дампуурлаа л гэсэн үг.

Одоо зарж байгаа үнээрээ байвал ойрын хэдхэн сарын дотор нийт борлуулалт 2-3 дахин буурна. Үүнийг нөхөхийн тулд үнэ багасгаад эргэлтээ хурдасгах ёстой.

Энэ бас хэцүү. Тээвэрлэлт, хүмүүсийн худалдан авах чадвар, банкны системийн чадвар гээд олон юмнаас хамаарна.

Яахийм бэ тэгээд бид?

Мөнгөө одоо битгий үл хөдлөх хөрөнгө болго. Хямралын оргил үеийг мэдэр. Тэр үед мөнгөтэй байж тааралдсанаа ав.

Wednesday, December 03, 2008

Эрүүлээр битгий сэтгэ

Блогоо бичилгүй удаж байгаад их том гарчиг бариад авчихлаа.

Хямрал хэзээнээс яаж эхэлсэн талаар эндээс уншаарай.
Хямрал америкт л болоод байгаа гэж бодсон чинь арай л үгүй дэлхийг хамарсан юм шиг байна.
Гадаадад хямрал болж л байдаг, хямралаас гарч л байдаг ш дээ гэж бодсон чинь бас нэг бишээ
За ингээд хямрал америкийн мэдлээс гараад, дэлхийг хамарсан хямрал болох нь тодорхой болж. Америк хямрахаар Хятад, Япон хоёр хямрана. Тэд хямрахаар бид хямрана.
Манай банкны дарга нар, их хурлын мундагууд хямрал манайхыг тоож ирэхгүй, манай банк яаах ч үгүй гэсэн хэрнээ 90-ээд он шиг хүүгээ өсгөөд, мөнгөө манайд хадгалуул гээд л өдөр бүр ярих нь нэг л биш. Хямрал эхэлсэн.

Зурагтаар бидний "сонгосон" их хурлын гишүүд маань энэ сард хямрал арай өндөр гарчихлаа. Дараа сард нэг оронтой болгоод хаячихая гэхийм. Энэ ч яахав улсын асуудал. Гэрээ засчихсан улс төрөө засаж байгаа юм байна. Болох байлгүй дээ. Болтугай. Болтугай.Харин гэрээ эсвэл биеэ засаж байгаа бид яах вэ? Яаж сарын цалингаа сард нь хүргэх вэ?

Их хурлын гишүүд маань хямралыг барьж чадахгүй алдчихаж юуны магад. Та бэлтгэлтэй бай. Ямар бэлтгэл билээ?

Хямрал болсоноор мөнгөний үнэгүйдэл болох юм шиг байна. Хамгийн багадаа 10 дахин. Ингээд бид талхаа гар эсгэм 10000-тийн дэвсгэртээр ганц талх авах нь.
Тэгэх юм бол одоо талх 1000 байхад орон сууц, хаус худалдаад авчихаад 10000 болохоор нь зарах уу? Таны мөнгө нэг байшин аваад дуусаж байвал болох л юм. Хороолол авах мөнгөтэй бол яаанаа? Яаж тэр хорооллыг хадгалнаа. Сүүлд нь танай хороололыг траншейнийхэн үнэгүй эзэмшээд амьдрахыг та хараад тэвчих үү? Тэр дэмий байхаа. Таны байшинг авсанаас талхаа авсан дээр байхаа тэр үед.
Эсвэл та 20 жил хүлээж чадах тэвчээртэй бас залуу хүн үү?
Тэгвэл алт юм уу валют аваад хадгалая. Хаана? Хэдийг? Хэзээ хүртэл?
Энэ хямралыг давахад 90 оноос өмнөх Социалист арга, 90-оноос хойших зах зээлийн эдийн засгийн үеийн хэрэглэж байсан аргуудыг дахин хэрэглэх хэрэггүй л болов уу
Ингээд хямралын талд байна уу? Миний талд байна уу? гэдэг асуулт гарна

Хямралыг амжилттай, эсвэл ашигтай давая гэвэл Та эрүүл биетэй. Эрүүл биш сэтгэлгээтэй бай

Wednesday, April 16, 2008

Tuesday, March 04, 2008

Эх орон таньдаа зориулав-7. Өвлийн жуулчлалаар юу үзүүлэх вэ?

Өвлийн жуулчлалаар адал явдлын, ан агнуурын, зугаа цэнгэлийн олон арга хэмжээг зохиож болмоор санагдав.

1. Уур манан савссан нуур, гол
Орхоны хүрхрээ хөлдөөд битүү мөс болчихсон дотуур нь ус хүржигнэн урсаж байгаа энэ усыг мөсөн дотуур орж үзэх, бясалгал, тайвшрал хийхэд ашиглаж болохоор юм.Ёлын амны хөлдүү хүрхрээг доогуур нь малтаж хөндийлөөд хоноглох газар, зочид буудал болгосон ч яахав.

2. Ан амьтаны үс гүйцэх тул ан амьтан харуулах, амьтны зураг авах аялал хийх
Монголчууд ижил хийморьтойд нь харагдаж, илүү хийморьтойд нь алагддаг гэдэг чоно, бусад амьтаныг харуулах

3. Өвөлжсөн шувуу харуулахМонголын хүйтэн өвөлийн үл тоон өвөлжих нүүдлийн шувуудын үзүүлэх, судлах эрдэм шинжилгээний аялал зохиох, гайхуулах аялал

4. Моторт болон моторгүй цанаар аялал, нохой чаргаар аялах, цаатаныд хонох гэх мэтийн өвлийн хүйтэн, цас, мөсний адал явдлын аялалыг зохион байгуулах

5. Дараах хаягуудаар орж мөнгөөр мөнгө олдоггүй гулгуурын талбай Сүхбаатарын талбайд барих биш мөнгөөр жуулчин татдаг мөсөн бүтээл хийж болдогыг уншиж болно.

  1. http://zereglee.blogspot.com/2007/03/blog-post_07.html -ээс өвөл яаж мөсөн бар, ажиллуулж байгааг харж болно.

http://www.icehotel.com сайтаас мөсөн зочид буудал яаж мөнгө олж байгаа тухай уншихад сонин юм их байна.

Tuesday, February 19, 2008

Эх орон таньдаа зориулав-6. Өвлийн жуулчлал

Хүн айлгах гэж байгаа юм шиг монгол эх газрын эрс тэрс уур амьсгалтай. Өвөлдөө хүйтэн. Цас их унадаг. Аялал жуулчлал улирлын шинжтэй гэж бүх хүмүүс л ярьдаг. Аялал жуулчлалын компаниуд ч манайх дулаан улиралд л таныг аргална гэсэн шиг өвлийн аялалын маршрутгүй байдаг.

Монголын өвлийн аялалын программ нь

  1. Хөвсгөл нуур дээрх мөсний баяр. Энэ нь аялал жуулчлалын хөтөлбөр гэхээсээ илүү улс төрийн шоу. Учир нь тэнд ерөнхийлөгч очно. Бөөн хамгаалалт, бөөн мэдээллийн ажилтан, бөөн хүн. Юун тав тух. Таалагдаад хоноё гэвэл буцахаас өөр аргагүй. Хоновол хөлдөж үхнэ. Бид хариуцахгүй. Таалагдахгүй буцъя гэхээр орой тарахаар л унаа явна. Хүлээ гэнэ. Ойртоод зураг авах гэхээр холд! Ерөнхийлөгч чаргаар гулгана гэнэ. Аялал жуулчлалын хөтөлбөр ийм байж болохгүй байхаа.
  2. Тэмээн поло. Ямар ч жуулчин үүнийг хагас өдөр үзвэл дээд амжилт. Тэмээн пологоо хол хийгээд жуулчдаа 3 хоногоор цөлж болно. Тэгвэл тэд дараа жил ирэх хүмүүст тийшээ явж үхэв гэдгийг сайн ухуулна. Бас л бөөн хүн, бөөн хамгаалалт. Бас л зураг авах гэхээр урд нэг цагдаа. Энэ баяр жуулчдад зориулсан хөтөлбөр гэхээсээ илүү улсын аваргын тэмцээн л гэсэн үг. Жуулчдаас мөнгө татах хөтөлбөр байхгүй.
  3. Бүргэдийн баяр. Бас л олныг хамруулсан шоу. Жуулчин гэдэг бол олон хүн цугласан газраар тэнэж явдаг саваагүйчүүд биш ихэнх нь олны хөлөөс хол тав тухтай явах сонирхолтой зожиг хүмүүс. Тэнд бас л томчууд, бас хамгаалалтынхан, мэдээллийнхэн.
Монголд ирдэг жуулчин нь шоучин биш жуулчин байж болох юм гэж бодож тэдэнд үйлчлэх үйлчилгээ нээх хэрэгтэй санагдана. Шоу хөтөлбөр үзэхээр ирэх жуулчин олон байхгүй байхаа. Монголд жуулчныг хөлдөж үхэх, даарах аюулгүй үйлчилгээ үзүүлдэг болвол жуулчин өөрөө үзэх юмаа сонгочихно. Монголд өвөл үзэх юм их бий.

Wednesday, February 06, 2008

Цагаан сар хэзээ болж байсан бэ?

Сарны тоололд илүү сар байх нь нарны тоололтой тоололоо тааруулах арга болдог. Нэг жил нь 365.2425 хоногтой байдаг. Сар дэлхийг тойрох хугацаа нь 29.53 хоног. Тийм болохоор 1 жил нь 12.3685 сар болно. Энэ нь 12 бүхэл 7/19 гэсэн үг. 19 жилд 7 илүү сар гаргавал нар сарны байрлал давхцана. Мөн цагаан сар бар сарын шинийн нэгэнд болно. Нар бар сард шар замын 315-гаас 330 градусын уртрагийн хооронд оршино. Дээр бичсэн зүйл бол ямар ч зурхайн үндэс.
Нар дээрх уртрагт орж ирэх хугацаа нь дунджаар аргын тооллын нэгдvгээр сарын 19-нєєс хоёрдугаар сарын 20-ны хоорондох хугацаа юм. Бүх дэлхийн газар нутаг дээр ганц л нар байдаг.
Ийм болохоор Цагаан сар мөн л энэ хооронд болно гэсэн үг. Гэтэл монгол зурхайд 2-р сарын 27-нд хүртэл болж байсан байна. Энэ нь монгол онцлог л байх даа. Эсвэл өөр нар байгаа юм болов уу? 2 сарын 20-оос хойш тэмдэглэсэн цагаан сарууд бүгд туулай сарын шинийн нэгэнд буюу нэг сарын дараа цагаан сараа хийж байжээ. Дараа жил бас нэг сарын дараа болох нь.

Билгийн тооллын календар нь 19 жил болоод ойролцоогоор давхцдаг. Доорх зургуудад 19 жилийн давтамжтайгаар Хятад, Монгол, олон улсын одон орон судлалын U.S. Naval Observatory газрын цагаан сар болсон өдрүүдийг 1900 оноос 2009 он хүртэл харьцуулан харуулав. Шар өнгөөр шинэ сар эхлэх цагт ойр байгааг, Хөх өнгөөр таарч байгааг, улаан өнгөөр алдаатай байгааг харуулав. Зураг дээр дарвал томорч харагдана. Эндээс та цагаан сараас өмнө хойно төрсөнөө харах боломжтой болно. Мөн бид цагаан сараа хэр зөв тэмдэглэж байж вэ гэдгийг бас харж болно. Хятад зурхайд шинэ сар эхэлсэн өдөр цагаан сар эхэлдэг, монгол зурхайд шинэ сар үдээс хойш эхлэхээр байвал дараа өдөр нь цагаан сар эхэлдэг зүй тогтол байна. Энэ жилийн хувьд шинэ сар 2 сарын 7-ны үдээс урагш эхэлж байгаа тул 2 сарын 7-нд золгох нь зөв юм шиг.

Wednesday, January 23, 2008

Цагаан сар хэзээ вэ?

Бид Тэрбишийн календараар цагаан сараа тэмдэглээд удаж байна. Гэтэл Тэрбишийн календарь бусад зурхайчдын календараас жил бүр л зөрөөд бөөн маргаан болдог. Сарны тооллыг ашигладаг хятад солонгосоос бүүр сараар зөрөөд явчихна. Монгол ямар өөр сартай биш. Зөрнө гэхэд хэтэрч байна. Бээжин, Улаанбаатар хоёр сарын зайтай золгож болох ёстой зөрүүтэй гэж Төгс буянтын зурхайд зурсан байдаг бол Замын-Үүд Улаанбаатар хоёр 15 хоногийн зайтай золгох ёстой. Энэ ч арай хэтэрч байнаа. Энэ жил бас л ... Зурагтаар хэнийнх нь зөвийг тогтоох оролдлого хийсээр л... Энэ жил бүр 6-нд сар гарахгүй бол 7-нд золгоно. Гарвал 8-нд золгоно гэж ярьж байх юм. Би зурхайч хүн биш. Зүгээр л нэг интернет ухагч. Минийхээр бол 2 сарын 7-нд золгох ёстой. Яагаад гэвэл U.S. Naval Observatory гэдэг газрын вэб дээр 2007 оны 2 сарын 7-нд шинэ сарын эхлэл гэж бичсэн байна. Шинэ сарын эхлэл гэдэг нь манайхны үгээр бол шинийн нэгэн гэсэн үг. Цааш нь интернетээ ухаж явтал хэзээ сар гарахыг, яаж харагдахыг бас л үзүүлсэн байв. Дараах зураг Монголын цагаар зурсан зураг гэдгийг анзаараарай.
Энд мөн л Шинийн нэгэн 2 сарын 7-нд байна. Тэрбишийг аврах ганц юм нь 2 сарын 8 -нд маш нарийхан сар гарах юм байна.
Шинийн нэгэн буруу байвал Балжинням, Дашнямтай өдөр яаж зөрөх нь тодорхой. Тэр сайн өдөр нь зөрөхөөр хурим, найр бүгд буруу өдөр хийгдсэн гэсэн үг. Ингэж хүний хувь заяагаар тоглож байгаа Тэрбиш-д арга хэмжээ авч, календарь хийх эрхийг нь хасах хэрэгтэй санагдана. Ямар Тэрбишээс өөр календарь гаргах хүн байхгүй биш.

Mongolian Photo

Photos of Mongolia