Wednesday, January 31, 2007

Зургийн аппаратын төрлүүд

Дижитал зургийн аппаратны сонголт, төрөл олон болсон өнөө үед өөрийн хэрэглээндээ тааруулж аппаратаа сонгох нь чухал. Зургийн аппаратыг дараах маягаар ангилж болох ба өөр өөрийн давуу талтай, бас дутагдалтай.

Хэт жижиг буюу Ultra compact camera


Энэ төрлийн аппаратууд
  • Авч явахад овор багатай, ялангуяа үдэшлэг, цэнгүүн мэтийн олон хүн цугласан газар зүгээр, гар утастай ойролцоо хэмжээтэй
  • Бүрэн автомат байдаг тул ихэнх зураг фокустай гарна.
  • Жижиг линзтэй байдаг тул гүний фокусыг (DOF) хянах бараг боломжгүй.
  • Филтр ашиглах боломжгүй
  • Линз солих боломжгүй
  • Гэрэл хаягч, линз хоёр нь ойрхон байрладаг тул улаан нүдтэй зураг их гардаг.

Жижиг буюу Compact camera


Энэ төрлийн аппаратууд хэт жижиг аппаратаас голдуу зузаавтар хэмжээтэй байдаг. Хэт жижиг аппарат, жижиг аппаратуудыг заримдаа нэг ангилалд оруулдаг.
  • Мөн л овор багатай
  • Бүрэн автомат байдаг тул ихэнх зураг фокустай гарна.
  • Жижиг линзтэй байдаг тул гүний фокусыг (DOF) хянах бараг боломжгүй.
  • Филтр ашиглах боломжгүй
  • Линз солих боломжгүй
  • Гэрэл хаягч, линз хоёр нь ойрхон байрладаг тул улаан нүдтэй зураг их гардаг.

Дунд зэргийн буюу SLR-like camera

  • Овор нилээд том
  • Гар тохиргоонуудтай. Гараар фокус тааруулах боломжтой байдаг
  • Линзний диаметр томордог тул гүний фокусыг хянах боломжтой болж ирдэг
  • Линзний адаптар хэрэглээд линзээ өргөтгөх боломжтой байдаг боловч линз солих боломжгүй.
  • Ихэнхдээ филтр ашиглах боломжтой байдаг
  • Гэрэл хаягч, линз хоёр нь хоорондоо зайтай байрладаг тул улаан нүдтэй зураг гарах нь багасдаг.

Том буюу SLR camera


SLR гэдэг нь Single Lens Reflection буюу авах зургаа линзээр дамжуулаад шагайвчаараа хардаг гэсэн утгатай үг юм. Ингэснээрээ дээрх төрлийн аппаратууд дээр гардаг захын хүний зураг хажуунаасаа тайрагдах, эсвэл нэг тийш нь шахагдаж гарах дутагдалууд арилдаг.
  • Овор хэмжээ томтой
  • Линз филтр солих боломжтой
  • Хүссэн зургаа авах боломжтой
  • Фото зураг, зургийн аппаратын тухай нилээд сайн мэдлэгтэй байх шаардлагатай
  • Тохиргоогоо буруу хийвэл фокусгүй зураг гарах магадлал ихтэй.
  • Гар тохиргоо, автомат тохиргоо аль аль нь байдаг.
  • Нилээд үнэтэй

Мэргэжлийн аппарат


  • Мэргэжлийн аппарат нь дандаа SLR аппарат байдаг
  • Гар тохиргоо ихтэй
  • Овор том
  • Дээрх төрлийн бүх аппаратны давуу талуудыг хадгалсан байдаг
  • Үнэ их
  • Фото зургийн болон зургийн аппаратны тухай өндөр мэдлэг шаардана.

Monday, January 29, 2007

Microsoft Photo Info

2007 оны 1-р сарын 22-нд Microsoft-ын вэб дээр Microsoft Photo Info программыг үнэгүй тараахаар байрлуулсан байна. Гэхдээ Genuine windows-тэй хүн үнэгүй ашиглана. Windows Explorer-ийн plug-in болж суудаг юм байна. JPEG, TIFF, WDP, HDP (HD Photo), NEF, CR2, CRW өргөтгөлтэй зургийн файлын EXIF metadata засах, харах боломжтой. (EXIF мэдээллийг ашиглах талаар пост бэлтгэж байгаа)
Microsoft Photo Info-г суулгасны дараа EXIF мэдээллийг харах, засахыг хүссэн зураг дээрээ очоод баруун талын дарахад Photo Info гэсэн сонголт Popup menu дотор гарна. Түүнийг дарахад дараах цонх гарна. Description цонхонд зургийн нэр, зурагчин, тайлбар, эрхийн хамгаалалтын мэдээллийг оруулах, засах боломжтой.



Keywords цонхонд зургийг хайх түлхүүр үг, зургийн ангилал оруулна.

Origin цонхонд зураг авсан он сар өдөр, байрлал оруулна.

Advanced цонхонд энэ зургийн тухай IPTC стандартын мэдээллийг бөглөж өгнө.


Details цонхонд зургийн тухай мэдээллийг нэгтгэнэ харуулна.

Microsoft-ийн энэ программ нь үнэгүй 1.00 хувилбар болоод ч тэр үү ердийн EXIF metadata-г л засахаар хийгдсэн байна. Цаашдаа сайжирхаараа GPS-ийн мэдээлэл, линзийн тухай мэдээлэл гэх мэт хэрэгтэй мэдээллийг засдаг болох байлгүй.

Friday, January 26, 2007

Ном дээр бурхан ч тавьж болохгүй

Би Монгол улс коммунизмд дөхөж явах үед нэгэн шашин хэмээх "хар тамхинд" автсан өвгөн ламтай 3 жил хамт амьдрах аз тохиосон юм. Тэр өвгөнийг Санж гэдэг миний аавын эгчтэй суусан хүн. Шашины тухай уншиж байтал тэр хүн гэнэт санаанд ороод, маанийн ерөөлийг өөрийнхөөрөө уншихаар шийдлээ. Тэр өвгөнтэй би шашиныг муулж их олон удаа ярьсан. Нэг ч удаа шашинаа өмөөрөөгүй. Харин сайхан сургаалууд их хэлнэ. Бурхан өршөө гэхгүй хэрнээ төрийн сүлд өршөө гэнэ. Хүн зүгээр суулгахгүй хэрнээ өдөржин шатар тоглохоор тоглуулаад л байна. Наад Дамчаа чинь газарт булуулаад үхэж байгаа нь худал, гудамжинд явж л байна лээ, тааруулаад зурчихсан юм гээд кино үзүүлэхгүй хэрнээ Хандгайт явж гулгана гэхээр амрах хэрэгтэй гээд явуулж л орхино. Ном уншиж байвал саад болохгүй, хүн орж ирээд юм ярьвал наана чинь хүн ном уншиж байна. Одоо яв гээд хүнээр ч саад хийлгэхгүй.
1987 онд би өөр газар амьдарч байхдаа ажлаасаа Apple II компьютер гэртээ аваачиж хэд хонуулсан юм. Компьютер үзнэ гээд гурван буудал газрын холоос манайд ирэв. Би компьютерээр янз бүрийн юм хийж болно. Тоо бодно. Юм хэвлэж болно. Шатар тоглож болно гэсэн чинь Өө шатар тоглож байвал бусад нь юу байсан юм гээд цааш үзэлгүй харьж мааниа уншия гээд яваад өгч билээ.
Ная гарсан хойноо Төвд номыг монгол руу орчуулан уншиж, төвд үг цээжлэдэг, эрдэм оройгүй билээ гэж байнга хэлдэг, эрдэмтэй хэрнээ манай нутагт мөн ч олон эрдэмтэй хүн байсан даа гэж эрдэмд шамдсаар л өвөр дээрээ номоо тавиад суусан чигээрээ өөд болсон өвгөн ахдаа Ном дээр бурхан ч тавьж болохгүй, Харин бурхан дээр ном тавьж болно гэдэг өөрийнх үгээр нь постоо өндөрлөе.

Thursday, January 25, 2007

Зай

Чухал зураг авахын өмнө дандаа зай дуусдаг гэж хошин яриа байдаг. Тийм болохоор зургийн аппарат сонгохдоо хэрэглэдэг зай нь тухайн аппаратыг худалдаж авах гол үзүүлэлтүүдийн нэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүрэн цэнэгтэй зайгаар хэдэн зураг авах боломжтой вэ гэдэг үзүүлэлт бүх аппаратны бичиг баримтанд бичигдсэн байдаг. Зарим аппарат бидний нэрлэж заншсанаар хуруу зай буюу AA стандартын зай хэрэглэдэг. Ийм зай олдоц сайн ч цөөхөн зураг авдаг. Ялангуяа ТҮЦ-д юм уу хөдөөний дэлгүүрүүдэд байдаг хятадын зайгаар зураг авах байтугай аппаратаа асааж ч чадахгүй. Цэнэглэдэг AA зай хэрэглэж болох ч мөн л цөөхөн зураг авдаг. Чанар сайтай зай олон дахин авах нь эдийн засгийн хувьд ашиггүй. АА зай хэрэглэдэг аппаратууд ихэнхдээ 4 зай хэрэглэдэг тул аппаратны овор хэмжээ томордог.
Зарим аппарат тусгай зориулалтын зай хэрэглэдэг. Ийм зай AA зайнаас олон зураг авдаг боловч ихэнхдээ дахин цэнэглэгддэггүй үнэ ихтэй байдаг.
Дахин цэнэглэх боломжтой тухайн аппарат үйлдвэрлэгчийн зай эдийн засгийн хувьд хамгийн ашигтай байдаг.
Ялангуяа хөдөө явж байхдаа зайгаа аль болох хэмнэж явах хэрэгтэй байдаг. Ингэхийн тулд:
Аль болох арын дэлгэцээр зургаа харахгүй байх, зураг авахгүй үедээ унтраах, хүйтэнд зай хурдан суудаг тул дулаан газар байлгах, машины тамхины асаагуураас цэнэглэх боломжтой байх, шаардлагагүй үед аппаратны линзээр холын юм татаж харахгүй байх хэрэгтэй.

Wednesday, January 24, 2007

ISO буюу Гэрэл мэдрэх чадвар


Та хальс худалдаж авахдаа хальсны цаасан хайрцаг дээр нь юм уу эсвэл дотор хайрцаг дээрээс 100, 200, 400, 800 гэх мэт тоо байдгийг анзаарсан байхаа. Энэ тоон тухайн хальсны гэрэл мэдрэх чадварыг илэрхийлсэн тоо байдаг. Энэ тоо ихсэх тусам гэрэл мэдрэх чадвар нь ихсэх ба харанхуйд зураг авах боломж нь ихэсдэг. Дижитал зургийн аппаратад хэдийгээр хальс хэрэглэхгүй ч үүнтэй төстэй ISO гэсэн үзүүлэлт байдаг. Дижитал аппаратын энэ ISO гэсэн үзүүлэлт ямар аппарат вэ гэдгээсээ хамаараад 50, 100, 200, 400, 800, 1000, 1600, 3200, Auto гэх мэтийн тохиргоотой байдаг. Жижиг аппаратуудад голдуу 100, 200, 400, auto байдаг ба том аппаратуудад дээрх тоо ихэнх нь байдаг. Эдгээр тооноос бага тоотойг нь сонговол гэрэл ихтэй орчинд, их тоотойг нь сонговол харанхуй орчинд зураг авах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Auto горимд зураг авч байгаа үед гэрэлтэй орчинд зураг авахад бага ISO-г, харанхуй орчинд их ISO-г автоматаар сонгодог. Туршлагатай зурагчид ингэж автоматаар сонгохоос аль болох зайлсхийдэг. Учир нь их ISO дээр авахад зураг дээр бүрсийсэн улаан цэг нэмэгддэг. Зураг авч байхдаа боломжтой хамгийн бага ISO-г сонгохыг хичээх хэрэгтэй. Дараах зурагт ISO-аас хамаарч зураг хэр их бүрсийхийг харуулав.


Туршлагаас харахад зургийн аппаратын тохируулж болох хамгийн их ISO-ийн хагасаас доош бүрсийлт гайгүй байдаг. Энэ бүрсийлтийг Photoshop мэтийн программаар багасгаж болох ч бүрэн арилдаггүй, мөн зургийн чанарт нөлөөлдөг.

Tuesday, January 23, 2007

White Balance буюу Гэрлийн өнгө тааруулах

Бид янз бүрийн урлагийн тоглолтууд үзэж байхад тусгасан гэрлээс хамаараад, хүмүүсийн хувцас өөр өөр өнгөтэй харагддагийг мэднэ. Энэ шиг ямар гэрлийн үүсгүүр ашигласнаас хамаараад зургийн өнгө өөрчлөгддөг. Жишээлбэл үүлтэй үед, сүүдэрт, улайсдаг гэрэлд, бидний өдрийн гэрэл гэж нэрлэж сурсан тасалгааны гэрэл, аппаратны гэрэл хаягч зэрэг нь өөр өөрийн өнгийг гаргах ба тэр гэрлүүдэд нэг ижил зүйлийн зураг авахад өөр өөр өнгөтэй гардаг. Эдгээрийг ямар гэрэлд авсанаас нь хамаарахгүй ижил өнгөтэй гаргахын тулд өнгө тохируулдаг. Хэрвээ өнгөө буруу тааруулбал өнгө буруу гарна. Зүүн талын зурагт гадна бага зэрэг үүлтэй байхад авсан бүргэдийн зургийг өнгөний өөр тохиргоонд авбал ямар өнгөтэй гарахыг харуулав. Гэхдээ энэ зургийг өнгө яаж өөрчлөгддөгийг харуулахын тулд компьютерээр өөрчилсөн. Ихэнх аппаратад өнгөний тохиргоо байдаг ба Daylight-ийг нартай, цэлмэг өдөр, Shade-нартай өдөр сүүдэрт, Cloudy-үүлтэй өдөр, Tungsten-бидний өдрийн гэрэл гэж нэрлэдэг цагаан гэрэл, Flourescent-улайсдаг гэрэл, Flash-аппаратын гэрэл хаягч, Custom-зураг авч байгаа хүн гэрлийн тохиргоог өөрөө хийнэ. Auto-Зургийн аппарат автоматаар тохируулна.

Friday, January 19, 2007

Хэдэн иксийн зүүмтэй аппарат вэ?

Хүмүүс хэдэн иксийн аппарат вэ гэж их асуудаг. Энэ үзүүлэлт аппараттай холбоогүй, линзтэй холбоотой байдаг. Мөн хүмүүс энэ үзүүлэлт их байх тусмаа л сайн гэж боддог. Татдаг линзийн гол үзүүлэлт хэд дахин өсгөдөг вэ гэсэн энэ үзүүлэлт байдаг ба энэ нь тухайн линзний хамгийн их фокусын зайг хамгийн бага фокусын зайнд хуваасан тоо юм. Жишээлбэл Canon EF-s 17-85mm линзний хувьд 85/17=5 болох ба 5x өсгөлттэй линз гэсэн үг, харин Canon EF 100-400 mm линзийн хувьд 400/100=4 ба 4x өсгөлттэй линз гэсэн үг. Эндээс Canon EF 100-400 mm линз нь Canon EF-s 17-85mm-тэй харьцуулахад бага өсгөлттэй боловч холын зураг авч чадна. Тийм болохоор аль их өсгөлттэй линзээр холын зураг авч болно гэсэн үг биш юм. Харин хэдээс хэд хүртэл фокусын зайтай линз вэ гэдэг чухал ойлголт. Фокусын зай их байх тусам холын юмны зураг татаж авах чадвартай, фокусын зай бага байх тусам ойрын зураг авах юм уу нэг зурагт том талбайн зураг авах чадвартай болдог. 35мм-ээс доош фокусын зайтай линзийг өргөн өнцөгийн линз (Wide angle lens), 35-70 мм-ийн линзийг ердийн (Normal lens), 70-200 мм-ийн линзийг холын (Telephoto), 200 мм-ээс дээш линзийг хэт холын (Super telephoto) гэж ангилдаг. Гэрэл зурагчин хүн тухайн нөхцөл байдлаас хамаараад хэрэгцээтэй линзээ сонгон хэрэглэх чадвартай болох хэрэгтэй байдаг.

Wednesday, January 17, 2007

Ус басдаггүй юм миний хүү

Намайг бага байхаас л манай нутгийнхан усанд ам гарч болдоггүй юм гэдэгсэн. Бараг л басвал сонссон юм хариу барьдаг, усыг дийлэх юм байхгүй гээд л... буурлуудын үг юутай агуу вэ?
Энэ хоёр зургийг миний хүү Баярмагнай авч 2006 оны шилдэг гэрэл зурагчдын уралдаанд оролцов.
Дээд талын зураг нь Өмнөговь аймгийн нутаг Зулганайн баянбүрд. Энэ баянбүрд орчимын нутгаас дэлхийн динозаврын өлгий олдсон газар. Зуны аагим халуунд явж байгаад шагайгаар татах устай энэ бяцхан говийн баянбүрдэд очиход диваажин энэ мөн үү гэх шахсан. Доод зураг нь Баянхонгор аймгийн Цагаан булаг. Энэ ихээ том харагдаж байгаа ус гурван метр шахуу дэлгэж урссан бяцхан булгийн ус. Энэ булгийн эхэнд чулуун дээр тогтсон хүүхдийн гар, хөлийн мөртэй сонин гулгуур хад бий. Тэр чулуун дээр тогтсон мөр, чулууг судалбал хүн үүссэн газар ч байх юм бил үү.
Харахад бяцхан ч сонсоход агуу энэ хоёр ус шиг миний хүүгийн зураг юм дуулгах цаг ирнээ.

2006 оны шилдэг гэрэл зурагчдын тоонд багтав

Энэ зураг дээр дарвал томорч харагдана. 2006 оны шилдэг гэрэл зурагчин шалгаруулах уралдаанд энэ дөрвөн зургаар оролцож, байгалийн сэдвээр шилдэг гэрэл зурагчин болов. Энэ зургийг би авсан юм. Миний авсан зургийг шагнасан. Би дараа авсан зургуудаараа дахиад шагнал авах болно. Олон улсын шагналууд ч авах л болно. Та намайг бусад хүмүүс шиг энэ шагнал намайг биш, миний хамт олныг шагнасан, миний хийсэн ажилд биш хийх ажилд өгсөн шагнал гэж хэлэхгүй байна гэж битгий шүүмжлээрэй.
Энэ зургийг төрж өссөн нутгийн минь нэг захад байрлах Хяргас нуур дээр 2006 оны 8-р сарын 10-ний 12 цаг 37 минутаас 14 цаг 43 минутын хооронд болсон шуурганаар авсан юм. Та энэ зургийг авсан өдрийн тэмдэглэлийг Монгол сайхаан - 2006 аялал постоос хараарай. Тэр үед авсан олон зургийг http://mongolia.photoreflect.com вэб дээрээс харж болно. Өглөө маш намуухан байснаа гэнэт нуурын цаанаас хүчтэй шороон шуурга ирж, шороо нуурын дээгүүр давж ирэхийг харж үнэхээр гайхав. Урьд нь олон нуур, гурван далайн эрэг дээр очсон надад ингэж сүртэй, гоё давалгаа таараагүй л юм шиг байв. Манай багийнханы сэтгэл маш их хөдөлж "Монгол сайхаан" гэж орилолдон, зургаа авсаар л байлаа. Шуурга эхэлсэн шигээ дорхноо намжиж, түрүүчийн догшин давалгаанаас өөр ааш араншинтай давалгаа үргэлжсээр... Миний нутгийн нуур "Монгол сайхаан - 2006" аялалын минь оргил байсан шигээ монгол зурагчдийн оргил руу намайг хөтлөв.
Энэ зургийг би авсан. Миний зургийг шагнасан. Монгол сайхаааан.

Дижитал аппарат, Хальсны аппаратын аль ашигтай вэ

1-рт дижиталаар авах нь эдийн засгийн ашигтай. Өдөрт нэг хальс буюу 36 кадр зураг аваад түүнийгээ 9x12 см хэмжээтэй зургийг 150 төгрөгөөр угаалгахад ямар зардал гарах вэ гэдгийг тооцож үзэв. Жишээнд 1000$, 250$ үнэтэй дижитал, 250$, 50$ үнэтэй хальсны аппаратуудыг харьцуулав. Энд зургаа зарах тухай буюу ашгийн тооцоог хийгээгүй зөвхөн ямар шууд зардал гарах вэ гэдгийг тооцсон. Дээд талын 2 шулуунаас харахад 1000$ үнэтэй дижитал, 250$ үнэтэй хальсны аппаратуудын гарсан зардал жилийн дараа тэнцэж байна. Хямд аппаратуудын хувьд 2 сарын дараа л тэнцэж байна. Энэ зөрүү нь хальс худалдаж авах, хальсаа боловсруулах зардал юм. Зарим хүнд өдөрт 36 кадр зураг олон зураг боловч, Сүхбаатарын талбай дээр зураг авдаг хүнд ойролцоо тоо, мэргэжлийн зурагчид юм уу сонин, хэвлэлийн зурагчинд энэ тоо маш бага тоо.
2-рт дижиталаар авах нь бусдаас бага хамаарна. Хальсаар авсан тохиолдолд хальсаа лабораторит боловсруулах үед операторт найдахаас өөр аргагүй. Хальсыг муу боловсруулбал дахиж сайжруулах боломжгүй.
3-рт Дижиталаар авч байгаа үед зургаа шууд харах боломжтой. Зураг авч байгаа үед би нүдээ аньчих шиг боллоо гэж хүмүүс их ярьдаг. Дижиталаар авч байгаа бол зургаа хараад л аньчихсан байвал арчиж хаячихаад дахиад авна.
4-рт Дижитал зураг шууд ашиглах боломжтой. Хэвлэлийн газруудад дижитал зураг нь шууд эх материал болдог.
5-рт дамжуулах, тээвэрлэхэд хялбар. Та дэлхийн аль ч өнцөгт явж байсан таны дижитал зургийг маш богино хугацаанд интернет ашиглан нөгөө өнцөгт хүргэж болно.
Энэ мэтчилэн тоочоод байвал дижитал зураг нь илүү ашигтай тал ихтэй. Энэ жагсаалтыг би лав л 30-40 хүргэж чадна. Бүгдээрээ дижитал руу...

Monday, January 15, 2007

Хэдэн Megapixel-ийн зургийн аппарат вэ?

Энэ асуултыг зургийн аппарат сонирхож байгаа хүн болгон асууж байдаг. Харин би Танд хэдэн Megapixel-ийн аппарат хэрэгтэй вэ? гэж эсрэгээр асуух дуртай. Авсан зургаа юунд хэрэглэх вэ? гэдгээс хэдэн Mega-ийн аппарат авах вэ гэдэг ерөнхийдөө тодордог. Компьютерийн дисплейний нэг инч (1 инч=2.54 см) тутам 72 юм уу 96 цэг байдаг. Нэг инчд байх цэгийн тоог dpi (dot per inch) гэсэн үгээр тэмдэглэдэг. Хэрвээ та вэб хийдэг, эсвэл e-bay-ээр бүтээгдэхүүн зардаг бол таны зургийн хамгийн том хэмжээ бүтэн дэлгэц байхад л хангалттай. Та 19"-ийн дэлгэц дүүргэх зураг авлаа гэхэд 1 Megapixel-ийн аппарат хангалттай. Сонинд хэвлэгдсэн зургууд голдуу 150 dpi-аар хэвлэсэн байдаг. Та зургаа сонинд өгөхөөр авч байгаа бол миний зураг ямар хэмжээтэй хэвлэгдэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Сонины хамгийн том зураг голдуу 3-4 эгнээ дамжсан буюу 13x18 см-ээс ихгүй байдаг. Ийм хэмжээний зургийг мөн л 1 mega-ийн аппаратаар авах боломжтой. Сэтгүүл, өнгөт ном гаргахаар авч байгаа бол 300 dpi-аар хэвлэнэ гэж тооцох хэрэгтэй. Хэрэв та A4-ийн хэмжээтэй каталог хэвлүүлэх гэж байгаа бол дор хаяж 8,3 megapixel-ийн аппарат байх шаардлагатай. Жижиг зургийг томруулж тавьж болох ч зураг томрох тусмаа эвдэрдэг. Баруун талын зураг дээр байгаа шиг янз бүрийн хэмжээтэй зургийг томруулж хамгийн том зургийн хэмжээгээр хэвлэхэд яаж эвдэрэхийг зүүн талын зурганд харуулав.

Зургийн аппарат

Би энэ блогоо анх нээхдээ Гэрэл зурагт зориулахаар шийдэж mongolianphoto.blogspot.com
нэрлэсэн боловч Гэрэл зураг ангилалд 8 пост хүчээр шахуу оруулжээ. photomongolia.blogspot.com блогоо харин гэрэл зурагт зориулсан гэж хэлж болох байхаа. Буянцогтоо сэтгэгдэл үлдээсэн байсныг хараад гэрэл зургийн талаар нилээд бичихээр болж байна.

Ямар зургийн аппарат худалдаж авбал болох вэ?

Энэ асуултыг хүмүүс их асуудаг юм. 3 хариулт бий. Нэг нь хямдханаас нь авсан нь дээр. Яагаад гэвэл одоогийн хамгийн энгийн аппарат 10-20 жилийн өмнөх хамгийн сайн аппаратаас сайн л байж таарна. Тэр үед сайн зураг авч л байсан. Мөн гэрэл зургийн аппарат маш амархан хуучирдаг. Аль аппарат үйлдвэрлэгчийн шинэ загвар үнэ, үзүүлэлтээсээ хамаараад 3-12 сарын настай байдаг. Ийм болохоор та 5,000$-оор авсан ч, 100 $-оор авсан ч таны худалдаж авсан аппарат жилийн дараа л хуучин загвар болно. 2-р хариулт нь хэрэглээндээ таарсан үзүүлэлт сонгосон нь дээр. Энэ хариулт амьдралд нилээд ойр хариулт. Та аппаратаа юунд хэрэглэх гэж байна. Найз нөхөд, гэр бүлийнхэн, аялалын тэмдэглэл маягаар зураг аваад зургаа ихэнхидээ 10x15 см буюу 4R хэмжээнээс томгүй угаалгадаг бол хамгийн энгийн үзүүлэлттэйг сонгоход л болно. Хэдэн megapixel байх нь хамаагүй. Авч явахад овор багатай, зайгаа гамтай хэрэглэдэг гэсэн 2 үзүүлэлт чухал. Macro гэрэл зураг, спортын гэрэл зураг гэх мэтийн гэрэл зургийн аль нэгэн төрлөөр илүү олон зураг авдаг эсвэл авахаар төлөвлөж байгаа бол 600-1500$ хооронд үнэтэй аппарат авсан нь дээр. 3-р хариулт нь аль ч брэндийн аппарат авч болно. Хүмүүс Canon сайн, Nikon сайн. Зарим нь Mamiya сайн гэж л байдаг. Хэрэв та олон линз авах шаардлагатай бол Canon авсан нь дээр, зургаа байнга томоор угаалгах шаардлагатай байдаг бол Mamiya дээр гэх мэт. Жилдээ маш цөөхөн зураг авдаг бол зургийн аппарат хэрэггүй зургийн аппараттай гар утас байхад л болно бараг зураг авдаггүй юм чинь...
Зургийн аппарат худалдаж авах нь машин худалдаж авахтай нилээд төстэй... Жийп авах уу, жижиг машин авах уу? Бензин уу? Дизель үү? Toyata юу? Nissan уу? гэдэг шиг хэрэглээ, таны зарцуулахаар төлөвлөсөн мөнгө, цаашид нэмж авах төхөөрөмжүүд, таны ур чадвар зэргээс хамаараад энэ нь танд тохирох сайн аппарат гэх аргагүй.
Зураг сайн авахад 10% техникээс хамаардаг. 50% нь гэрлээс хамаардаг. 40% зурагчнаас хамаардаг гэсэн үг байдаг юм.

Sunday, January 14, 2007

Бахархаж болохгүй мэргэжил

Хулгай хийх нь бахархаж болдоггүй, бас болохгүй мэргэжил билээ. Хулгайч хүн зөвхөн эд хөрөнгийг хулгайлаад зогсохгүй, сэтгэл санаа, урам зоригийг ч хулгайлдаг. Бидэнд Windows яадгийм бүх хүн л зүгээр суулгадаг ш дээ гэдэг үнэтэй юмыг зүгээр болтол нь үнэгүйдүүлсэн сэтгэлгээ тогтжээ. Гэтэл аливаа программыг бичихийн тулд маш их зардал, хүч хөдөлмөр зардгийг санах л хэрэгтэй. Бид программ хангамжийг худалдаад авчихсанаар хэдэн төгрөгөөр "хохирч" байгаа боловч 1-рт хөрөнгө худалдаж авна, 2-рт танилдаа юм уу эсвэл бүр тэр Билл Гейтс-д ч хамаагүй шинэ юм хийхэд туслаж, урам өгч байгаа хэлбэр юм. Олон блогч программчин байгааг хараад хулгай байхгүй бол хичнээн сайхан бэ? Ядаж тэд программаа хамгаалах гэж биш сайжруулах гэж цагаа зарах билээ гэж бодогдов. Монголын программистуудын алдар мандаж, хөрөнгө нь арвижих болтугай.

Friday, January 12, 2007

Бахархаж болдоггүй мэргэжил

Нэг нөхөр надаас тавласан байдалтай асууж байнаа. (Түүний асуултыг улаанаар бичив. Миний хариулт нь зөвхөн бодол шүү. Хүнд битгий хэлээрэй)

Цаана чинь гадаадад программ их хулгайлдаг гэнэ.
Би хулгайлсан л юм даа. Би 20 жил компьютер хэрэглэхдээ нэг ч удаа программ худалдаж аваагүй л юм даа. Би чадна ш дээ.
Оригиналь программууд чинь шал өөр, ориг CD-тэй байдаг гэнэ. Манайхан тэрнийг яаж хийхэв.
Хуулж л орхино ш дээ. Яг ориг CD л гэсэн үг. Тэгээд л тэрнээсээ хуулаад найздаа бэлэглэнэ. Компьютер дээр суулгаад зарна. Би чадна ш дээ
Ориг CD-ний нүүрэн дээр үзгээр бичдэггүй, хэвлэдэг юм байна лээ ш дээ. Манайхан яаж чадахав.
Чадна ш дээ. Тэрний чинь CD дээр хэвлэдэг принтэрээр хэвлэдгийм.
Тэр CD-нүүд чинь бүгд хамгаалалттай, кодтой, бас интернетээр бүртгэдэг гэж байна ш дээ. Тийм нарийн байхад манайхан яаж хулгайлж чадахийм. Хөгжилтэй оронд л хулгайлж чадах байх
Чадна ш дээ. Интернетээс keygen, crack, serial, patch-ийг нь татаж аваад суулгадгийм. Би чадна ш дээ
Гадаадынхан интернетээр ороод хүний юм хулгайлдаг гэнэ. Банк дээрэмдээд шоронд орж гэнэ. Манайхан яаж чадахав.
Хулгайлж чадсан л юм даа. Google-ийн үнэгүй templete-ийг аваад ашиглачихсан юм чинь. Авчихаад дээр нь өнгийн өөрчлөөд, кириллээр бичээд өөрчилсөн л юм даа. Google-ийнхэн мэдэхгүй л байна лээ.
Үнэгүй юмыг ашиглаж болно ш дээ. Үнэтэй юм ашиглавал хулгай болохоос. Тэрнийг чинь ямар хулгай гэдэг юм.
Тэгэж ярих юм бол би үнэтэй templete интернетээс e-donkey-гаар татаж аваад аваад ашигласан л юм даа.
Манайхан ч харин ном хулгайлж чадахгүй байхаа. Интернетээр тэр зузаан ном ямар багтах биш.
Үгүй ээ. PDF-ийг нь хусдаг байхгүй юу даа.
За ямар номын хулгайг хулгай гэх биш. Хүний толгой дотор байгаа юмыг хулгайлж болохгүй юм даа. Манайхан харин энэнийг чадахгүй байхаа

Хүмүүстэй юм ярьж байгаад, ярьсан юмнаас нь санаагийн хулгайлаад блог дээрээ биччихдэг юмаа. Ээ энэ хулгайч гэдэг чинь яасан ил хэлээд бахархаж болдоггүй мэргэжил вэ?
Манайд хүний санаа хулгайлчих тийм сүйхээтэй хулгайч байхгүй дээ.
Тэвчээр барагдав. Ээ энэ хулгайч гэдэг чинь яасан бахархаж болдоггүй мэргэжил вэ? Энэнээс цааш бодол биш яриа шүү.
Тэгэж ярих юм бол би Баярсайханы блогоос бид хуулбарчид уу? Хулгайчид уу? гэдгийг уншаад сэдэвийг нь хулгайлсийм ... Гарчиг, санааг нь Бахархаж болдоггүй мэргэжил гэдэг шог өгүүллэгээс хулгайлсийм. Би чадна ш дээ.
Нөхөр хулгайчийн амрыг эрье. Оюуны өмчийн байцаагч байна. Та намайг дагаад явна уу

Tuesday, January 09, 2007

Улаанбаатарын шөнө

Улаанбаатарын шөнө, Улаанбаатарын бүх гудамж, Улаанбаатарын бүх байшин энэ байшин шиг гэрэлтэй сайхан байвал бид харанхуй болмогц тагнуултай кинонд тоглож байгаа юм шиг нүдний булангаар сэм ийш тийш харан, яаран сандран гэрийн зүг явах бус, Сэгс цагаан богд найраглалд гардаг шиг амраг ханиа сугаданхан, автобусны буудал руу алханхан явах билээ. Энэ сайхан гэрэлтүүлсэн байшинг хараад зургийг авахаар нь харанхуй болтол хүлээж байж зургийн авч тавилаа. Ноднингоос хойш хотын гэрэлтүүлэлт сайжирч байгаа нь нилээд хэдэн газрын гэрэлтүүлэлтээс харагдаж эхэлсэн юм. Эдгээрийн тоонд Grand Khaan Irish Pub, Улаанбаатар банкны байшин, Соёлын төв өргөө, Баянгол зочид буудал зэрэг газруудыг нэрлэж болох юм.

Улаанбаатарыг утаанбаатар гээд л байгаа. Зайсан дээрээс Улаанбаатар шөнийн нэг цаг болж байхад бас ч боломжийн харагддаг юм байна. Энд гудамжны гэрэл жаахан дутмаг харагдаж байх юм. Компани болгон, байшин болгоны гэрэлтүүлэлтийг сайжруулчихвал хурдхан маш гоё хот харагдаж болох нь ээ. Үүнийг хийхэд ойролцоох газраа гэрэлтүүлэхэд зарцуулсан мөнгийг чинь татвараас чөлөөлж өгнө, тэгээд тэр гэрэл дээрээ Өрнөх нэгдлийн малчин Жаргал зассан хашаа гэдэг шиг үг бичиж болно гэхэд татгалзах компани байхгүй л болов уу? Харин түүнийг хотын хөгжил, архитекторын байдалд зохицуулан, чиглүүлэх л хэрэгтэй. Түүнээс биш хотыг гэрэлтүүлэх тендер зарлаад, бөөн сүр хүчийг бадруулаад байвал бүтэхгүй.

Monday, January 08, 2007

Монгол 800


Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой - Албан ёсны вэб хуудас http://www.mongolia800.mn гэсэн сайтаар орж, монголчууд юу төлөвлөөд юу хийв гэдгийг бичих санаатай ортол тэднийх нүүгээд явчихаж... Буйран дээр нь морины уяа шиг лого нь үлдээд, гурван шувуу нь мөн л нисээд явж байгаа юм шиг эвгүй харагдана. Жил нь дуусангууд, ажил, ач холбогдол нь дуусчихав уу? Эсвэл төлөвлөгөө нь тасрав уу? Лав л миний зурагтаар харсанаар 800 жилийн ойд зориулсан хип, хопын концерт, наурызын баяр, бий биелгээ, цаатануудын баяр гээд нэг бүдүүн хоолойтой хүн хоолойгоо шахаж байгаад нэг амьсгаагаар Чингисийг үзэн яддаг байсан үед ч заримыг нь нууж, хааж байгаад хийчихдэг байсан юмнуудыг уншиж байсан санагдана. Эсвэл вэб ажилуулах зардлаа хүч хүрсэнгүй юу? Нэг вэбийг трилион төгрөгийн төсөвтэй улс чинь 10 жилээр нь мөнгийг нь нэг дор төлсөн ч яаадгийм. Эсвэл вэб байрлуулдаг нэг компанид зүгээр л даалгачихсан ч яаадгийм.
Энэ вэбийн маркетингийг хийх гэж, мэдээлэл оруулах гэж хэдэн хүнийг ажиллуулсан л баймаар.

Sunday, January 07, 2007

Блог амьдралын анхны жилээ эргэн харав

2006 оны 10 сарын 23-нд http://mongolia.photoreflect.com нэртэй фото вэбээ нээгээд хүмүүст яаж хүргэх вэ гэж байгаад Ганбаагийн блогийг уншаад, рекламанд нь автан блогчин болов.
2006 оны 11 сарын 1-нд анхны http://mongolianphoto.blogspot.com блогоо нээж, блог хаягаа монголын сайхан зүйлийг магтан дуулахын тулд Монгол сайхаан гэж монгол сайхан гэдэг үгийг гүнзгий амьсгаа авч байгаад амьсгалсан агаараа дуустал бахархаж гайхсан өнгөөр хэлсэн энэ үгээр нэрлэсэн юм. Та ч гэсэн энэ үгийг нэг сайхан хэлээд үзээрэй. Монгол сайхаан.
Анхны постоо Монгол сайхан ш дээ нэртэйгээр бичиж, миний блогийг хүн уншиж байгаа болов уу гэж байн байн орж тэр өдрийнхөө бүх уншигч нь өөрөө болж байсан.
Би монголоороо л байгаад байвал би далайд гарцгүй монгол гэдэг шиг дэлхийд гарцгүй Гансүх хэвээрээ байх юм байна гэж бодогдоод 2006 оны 11-р сарын 2-нд http://ngansukh.blogspot.com нэртэй англиар бичих блогоо нээж Zorgol khairkhan блогоо Монгол сайхаан 2006 аялалынхаа анхны цэгээр нэрлэн бичлээ. Англи Блогийн минь уншигчийн тоо Монголыгоо гүйцэхгүй байгаа ч ихэнх нь хилийн чандаас хандаж байлаа.
Монгол, Англи хоёр блогоо алагчлан үзэлгүй тус бүр дээр нь 14 блог бичив. Энэ хооронд өдөрт 20-50 хүн уншиж өөрийн уншигчтай болж байлаа.
2006 оны 12 сарын 21-нд үзэгчтэй болохоор шийдэн http://photomongolia.blogspot.com нэртэй фотоблогоо нээж анхных нь постоо Steppe Eagle (Aquila nipalensis) нэртэйгээр хөх тэнгэрийн эзэн бүргэдийг сонгов. Энэ блог маань отгон блог болоод ч тэр үү эхний долоо хоногтоо 24 пост хийгдэж, үзэгчдийн тоо огцом өсөж эхлэв.
Энэ үед би блог бичихээсээ илүү, яаж хайлтанд дээгүүр гаргах вэ? гэдэгт анхаарч байв. Одоо надад энэ тал дээр зовох юмгүй болж санаа амрав.
Ингэж эхний жилдээ 2 сарын дотор 3 блог, 3000-аад үзэгч, уншигчидтай болж гараагаа эхлэв. Эхлэх маш чухал, эхэлчихвэл цаашаа явж л таарна.
3 блогтой сайхан блог болог гэдэг ерөөл өргөе. Монгол сайхаан. Монголоо магтан дуулцгаая.

Saturday, January 06, 2007

Think globally Act locally


Ариунаагийн блогоос ийм блог уншаад бас л хошуу нэмэхээр бишээ хуруу нэмэхээр (keyboard ашиглахын тулд) шиидэв.
Хүмүүс блог их бичих юм. Тэд тэндээ л бичээд байгаа боловч Монголыг яаж сайхан болгох вэ гэсэн цаанаа нэг ил, далд санаатай. Тийм ээ. Монгол биднээс эхэлнэ.
Монгол хөгжих замдаа орсон. Хөгжиж эхэлсэн. Пуужин гараанаас гарахдаа нийт түлшнийхээ 80%-ийг хэрэглээд цааш амархан яваад өгдөг гэж сонс л уу, унш л уу? Монголын хөгжлийн пуужин гараанаас тасарсан. Одоо хөөрөхөөс өөр арга байхгүй.
The ART of the START хэмээх энэ номыг уншив.
Хавтасных нь зургийг энд тавих гэж интернетэд ороод ёстой мэл гайхав. Та завтай байвал http://www.guykawasaki.com/books/cover/index.shtml хаягаар ороод үзээрэй. Нэг номын хавтас хийх гэж ингэж ч ажил болох гэж... Аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг. За одоо номоо нээе.
Ямар нэгэн юмыг эхэлэхэд бүртгэл тооцоо, бизнес төлөвлөгөө хоёр л хамгийн гол юм гэнэ. Тийм болохоор бид яаж монголын хөгжилд нэмэр оруулах вэ? гэдэг бизнес төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм байна. Ингэснээрээ бид юу хийж чадах, хэзээ хийж чадахаа мэдэх болно.
Харин одоо яаж хувь хүртэх вэ? гэдэг тооцоогоо өдөр тутам хийх хэрэгтэй.
Дээрх 2 зүйлийг хийчхээд тэрнийгээ мөрдөөд явбал ТА МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ. МОНГОЛЫН БАЯЛАГААС ХҮРТЭНЭ.

Thursday, January 04, 2007

Сэтгэл гарга - 2

Хишгээ, Ганбаа нарыг дууриаж өмнө нь бичсэн Сэтгэл гарга-ийн 2-р анги болгож үүнийг бичив.
Өмнөх анги дээр тоглож болохгүй гэж биччихээд хэд хоног бодсон чинь тоглож болох юм шиг санагдаад... Tiger Woods гольф тоглоод, орос хүүхнүүд теннис тоглоод, зарим нь компьютерээр байлдаж тоглоод дэлхийн аварга болоод л байхад гэж бодогдож байх юм. Тоглоод л... Мөнгө олоод л... Мөн сайхнаа.
Гэхдээ л сэтгэл гаргах хэрэгтэй. Тэд тоглож байгаа биш, ажил хийж байгаа юм байна.
Тогловол тоглосон шиг тоглоод, тоглоомыг тоглоом биш, ажил болгочихвол тоглоод байлгүй яахав.
Блогийн аваргуудыг дуурайгаад ч тэд шиг бичиж чадахгүй шинжтэй. Тэдний блог 1-р анги нь ч роман, 2-р анги нь роман байхад минийх хоёр анги хоёулаа л гарчиг шиг юм болчихлоо.

Wednesday, January 03, 2007

Цаг гарга

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга
Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга

Mongolian Photo

Photos of Mongolia