Showing posts with label Шашин. Show all posts
Showing posts with label Шашин. Show all posts

Wednesday, February 06, 2008

Цагаан сар хэзээ болж байсан бэ?

Сарны тоололд илүү сар байх нь нарны тоололтой тоололоо тааруулах арга болдог. Нэг жил нь 365.2425 хоногтой байдаг. Сар дэлхийг тойрох хугацаа нь 29.53 хоног. Тийм болохоор 1 жил нь 12.3685 сар болно. Энэ нь 12 бүхэл 7/19 гэсэн үг. 19 жилд 7 илүү сар гаргавал нар сарны байрлал давхцана. Мөн цагаан сар бар сарын шинийн нэгэнд болно. Нар бар сард шар замын 315-гаас 330 градусын уртрагийн хооронд оршино. Дээр бичсэн зүйл бол ямар ч зурхайн үндэс.
Нар дээрх уртрагт орж ирэх хугацаа нь дунджаар аргын тооллын нэгдvгээр сарын 19-нєєс хоёрдугаар сарын 20-ны хоорондох хугацаа юм. Бүх дэлхийн газар нутаг дээр ганц л нар байдаг.
Ийм болохоор Цагаан сар мөн л энэ хооронд болно гэсэн үг. Гэтэл монгол зурхайд 2-р сарын 27-нд хүртэл болж байсан байна. Энэ нь монгол онцлог л байх даа. Эсвэл өөр нар байгаа юм болов уу? 2 сарын 20-оос хойш тэмдэглэсэн цагаан сарууд бүгд туулай сарын шинийн нэгэнд буюу нэг сарын дараа цагаан сараа хийж байжээ. Дараа жил бас нэг сарын дараа болох нь.

Билгийн тооллын календар нь 19 жил болоод ойролцоогоор давхцдаг. Доорх зургуудад 19 жилийн давтамжтайгаар Хятад, Монгол, олон улсын одон орон судлалын U.S. Naval Observatory газрын цагаан сар болсон өдрүүдийг 1900 оноос 2009 он хүртэл харьцуулан харуулав. Шар өнгөөр шинэ сар эхлэх цагт ойр байгааг, Хөх өнгөөр таарч байгааг, улаан өнгөөр алдаатай байгааг харуулав. Зураг дээр дарвал томорч харагдана. Эндээс та цагаан сараас өмнө хойно төрсөнөө харах боломжтой болно. Мөн бид цагаан сараа хэр зөв тэмдэглэж байж вэ гэдгийг бас харж болно. Хятад зурхайд шинэ сар эхэлсэн өдөр цагаан сар эхэлдэг, монгол зурхайд шинэ сар үдээс хойш эхлэхээр байвал дараа өдөр нь цагаан сар эхэлдэг зүй тогтол байна. Энэ жилийн хувьд шинэ сар 2 сарын 7-ны үдээс урагш эхэлж байгаа тул 2 сарын 7-нд золгох нь зөв юм шиг.

Wednesday, January 23, 2008

Цагаан сар хэзээ вэ?

Бид Тэрбишийн календараар цагаан сараа тэмдэглээд удаж байна. Гэтэл Тэрбишийн календарь бусад зурхайчдын календараас жил бүр л зөрөөд бөөн маргаан болдог. Сарны тооллыг ашигладаг хятад солонгосоос бүүр сараар зөрөөд явчихна. Монгол ямар өөр сартай биш. Зөрнө гэхэд хэтэрч байна. Бээжин, Улаанбаатар хоёр сарын зайтай золгож болох ёстой зөрүүтэй гэж Төгс буянтын зурхайд зурсан байдаг бол Замын-Үүд Улаанбаатар хоёр 15 хоногийн зайтай золгох ёстой. Энэ ч арай хэтэрч байнаа. Энэ жил бас л ... Зурагтаар хэнийнх нь зөвийг тогтоох оролдлого хийсээр л... Энэ жил бүр 6-нд сар гарахгүй бол 7-нд золгоно. Гарвал 8-нд золгоно гэж ярьж байх юм. Би зурхайч хүн биш. Зүгээр л нэг интернет ухагч. Минийхээр бол 2 сарын 7-нд золгох ёстой. Яагаад гэвэл U.S. Naval Observatory гэдэг газрын вэб дээр 2007 оны 2 сарын 7-нд шинэ сарын эхлэл гэж бичсэн байна. Шинэ сарын эхлэл гэдэг нь манайхны үгээр бол шинийн нэгэн гэсэн үг. Цааш нь интернетээ ухаж явтал хэзээ сар гарахыг, яаж харагдахыг бас л үзүүлсэн байв. Дараах зураг Монголын цагаар зурсан зураг гэдгийг анзаараарай.
Энд мөн л Шинийн нэгэн 2 сарын 7-нд байна. Тэрбишийг аврах ганц юм нь 2 сарын 8 -нд маш нарийхан сар гарах юм байна.
Шинийн нэгэн буруу байвал Балжинням, Дашнямтай өдөр яаж зөрөх нь тодорхой. Тэр сайн өдөр нь зөрөхөөр хурим, найр бүгд буруу өдөр хийгдсэн гэсэн үг. Ингэж хүний хувь заяагаар тоглож байгаа Тэрбиш-д арга хэмжээ авч, календарь хийх эрхийг нь хасах хэрэгтэй санагдана. Ямар Тэрбишээс өөр календарь гаргах хүн байхгүй биш.

Wednesday, September 05, 2007

Эх орон таньдаа зориулав - 4. Номын дэлгүүр, ном

Суварга бүтээх нь буян их
Сургаалийг дагах үлэмж буянтай

Хөмөрсөн сав,
бохир сав,
ёроолгүй сав
гуравт ариун рашаан хийж яаж болохов.
Бодь мөрийн зэрэгээс

Хөдөө орон нутгаар явж байхад ариун номын оронд байна уу гэлтэй суваргаар дүүрэн орон болж МОНГОЛ. Сум болгон ядаж нэг суваргатай. Эмээлтээс Улаанбаатар орох замд бүр олон. Сайхан л байна. Суварга бүтээвэл буян болно гэдэг сургаалийг манай лам хуваргууд нэг л дутуу ойлгосон, ойлгуулсан бололтой. Хөдөөний хүмүүсээс танай суманд хүмүүсийн үздэг сайхан байгаль, түүх дурсгалын зүйлс юу байна гээд асуухаар манай суманд ч тийм юм байхгүй дээ тэр ууланд нэг хад бий. Бичигтэй гэх юм. Яваад очихоор Ум мааний бад ма хум гэсэн үгийг л бичсэн байх юм. Шаахар толгойн бичгийн дурсгал гэж маш том бичиг сүг зургийн дурсгал үзэж байхад хамгийн их бичиг, зурагтай хэсгийг нь голлуулаад өнөө л ум мааний бад ма хум-аа биччихэж. Юутай халаг. Юутай тэнэг вэ тэр лам. Эсвэл төдөн оны 8-р анги гэсэн бичиг бичнэ. Юутай гэнэн бэ тэр хүүхэд. Ховд аймгийн Манхан суман дахь Гурванцэнхэрийн агуй дахь зургийг тодруулж байж зургий нь хуулах гээд дээгүүр нь будгаар тодруулсан нь цаад зургаа ховхлоод уначихаж. Юутай мулгуй вэ тэр эрдэмтэн.
Гэхдээ түүнээс буян ихтэй ажил зөндөө байдаг бололтой. Энэ зун 3 аймгийн 30-аад сумаар дайрахад номын дэлгүүртэй сум нэг ч таарсангүй. Ном уншихаа больсоноос болоод юу болох, юу болохгүйг ялгахаа больж.
Суварга барихын оронд номын дэлгүүр баръя. Номын сан баръя.

Номын буян суварга бүтээх буянаас үлэмж их гэсэн Бурханы сургаалийг дагая.

Таны буян үлэмж арвин болог.

Friday, February 16, 2007

Цагаан сар ба Балданлхам бурхан

Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг гэж билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ гадаа үүдэнд мөс тавьдаг заншил уламжлагдан хадгалагдсаар иржээ.
Гэлүгва ёсны шүтээн, Сайн цагийн мянган бурхны сахиус, хангал бурхдын нэг Балданлхам нь бараан хөх бие, догшин дүрт эмэгтэй бурхан, баруун гартаа бороохой, зүүндээ цус дүүрсэн гавал аяга барин, шар халзан луусан дээр хажуулдан сууна. Луус нь чөтгөрийн арьсан тохош, өвчний тулам, есөн нүхт мэс, эрээн мод зүүсэн, цоглог, хурд, шандас сайтай хэмээн сударт бичсэн байдаг.
Зураг дээр Лхам луусаа хөлөглөн цусан далай дээгүүр давхин, заан толгойт Чүсрэн хэмээх нөхөр нь хар могойн цулбуураас нь барин, арслан толгойтой Сэнгэдонжан дигүг, цалам барин давхиж, хуйлран эрчилсэн их хар салхины өмнө оршино. Зохиомжийн дээд хэсэгт Богд Зонхов голлон, Жүгдэр намжил, Ногоон дарь эх, Жигжид, Очирваань бурхад үүлэн дээр тэнгэрт заларч, Доод хэсэгт Гонгор, Шалши, Намсрай нар газарт буйгаар дүрсэлжээ. Монголчууд уг бурхныг тахин шүтвээс бүх насны гай барцад арилан, нас буяныг уртасгадаг хэмээн шүтэж иржээ.
Нагтан зургийн төрөл гэдэг нь хар, улаан, шар, цагаан дэвсгэр дээр өнгөөр ялган эсвэл нэг өнгөөр алтаар зурах арга юм. Энэ аргаар 17-19-р зууны монгол зураач нар олон тооны бүтээл туурвисны нэг нь уг бүтээл юм. Бүтээлийг үүр шөнийн завсар Балданлхам бурхан заларч байгаагаар завсрын өнгүүдийг ашиглан маш нарийн уран сайхны зураас татлагаар зурсан байна. Уг зурагт лхам бурхан гурван ертөнцийг нэвт ширтэн баруун мутартаа бороохой, зүүндээ цус дүүргэсэн хүний гавал барин бор халзан луус хөлөглөн цусан далай дээр давхиж буйгаар дүрсэлсэн байна. Тэрээр хүний таван хохимой толгойт титэм, гархин ээмэг, хүзүүний сондор зэргийг зүүн барын арьсан шамтав өмсчээ.
Эдгээр зургууд Алтангэрэлийн цуглуулганд байдаг бөгөөд би гэрэл зургийг нь авч, Монгол урлагийн үнэт бүтээлүүд номонд оруулсан.

Friday, January 26, 2007

Ном дээр бурхан ч тавьж болохгүй

Би Монгол улс коммунизмд дөхөж явах үед нэгэн шашин хэмээх "хар тамхинд" автсан өвгөн ламтай 3 жил хамт амьдрах аз тохиосон юм. Тэр өвгөнийг Санж гэдэг миний аавын эгчтэй суусан хүн. Шашины тухай уншиж байтал тэр хүн гэнэт санаанд ороод, маанийн ерөөлийг өөрийнхөөрөө уншихаар шийдлээ. Тэр өвгөнтэй би шашиныг муулж их олон удаа ярьсан. Нэг ч удаа шашинаа өмөөрөөгүй. Харин сайхан сургаалууд их хэлнэ. Бурхан өршөө гэхгүй хэрнээ төрийн сүлд өршөө гэнэ. Хүн зүгээр суулгахгүй хэрнээ өдөржин шатар тоглохоор тоглуулаад л байна. Наад Дамчаа чинь газарт булуулаад үхэж байгаа нь худал, гудамжинд явж л байна лээ, тааруулаад зурчихсан юм гээд кино үзүүлэхгүй хэрнээ Хандгайт явж гулгана гэхээр амрах хэрэгтэй гээд явуулж л орхино. Ном уншиж байвал саад болохгүй, хүн орж ирээд юм ярьвал наана чинь хүн ном уншиж байна. Одоо яв гээд хүнээр ч саад хийлгэхгүй.
1987 онд би өөр газар амьдарч байхдаа ажлаасаа Apple II компьютер гэртээ аваачиж хэд хонуулсан юм. Компьютер үзнэ гээд гурван буудал газрын холоос манайд ирэв. Би компьютерээр янз бүрийн юм хийж болно. Тоо бодно. Юм хэвлэж болно. Шатар тоглож болно гэсэн чинь Өө шатар тоглож байвал бусад нь юу байсан юм гээд цааш үзэлгүй харьж мааниа уншия гээд яваад өгч билээ.
Ная гарсан хойноо Төвд номыг монгол руу орчуулан уншиж, төвд үг цээжлэдэг, эрдэм оройгүй билээ гэж байнга хэлдэг, эрдэмтэй хэрнээ манай нутагт мөн ч олон эрдэмтэй хүн байсан даа гэж эрдэмд шамдсаар л өвөр дээрээ номоо тавиад суусан чигээрээ өөд болсон өвгөн ахдаа Ном дээр бурхан ч тавьж болохгүй, Харин бурхан дээр ном тавьж болно гэдэг өөрийнх үгээр нь постоо өндөрлөе.

Thursday, December 14, 2006

Богд Зонхов ба Зулын 25


Шар малгайтны тэргүүн Богд Зонхов 1357 онд төржээ. Тэрээр таван зэргийг гийгүүлэгч зул, сайтар номлосон алтан эрхи хэмээх шастир, Охин тэнгэрийн магтаал, Парчингийн тайлбар зэрэг бүтээл туурвижээ. Зонхов нь 1417 оноос эхлэн сүм дуган бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг. Төвд, Монгол лам нарын номын хувцас шар болох, Гигү малгай, овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ.
Зонхов олон зуун шавь нартаа бурхны ном сургаал тавин, лүн, ван хүртээж, аглагт нямба бясалгал үйлдэн, олон зуун сүм дуган бүтээх нөр их ажлыг эхлүүлсэн байна.
Зураг дээр Зонховыг баруун мутраар галт сэлэм бүхий бадам цэцгийн ишнээс чимхэн, зүүндээ судар тавьсан бадам цэцгийн ишийг насны бумбаны хамт барин, очирт суудлаар сууж буйгаар бүтээж, дээр нь Жанрайсиг, Цагаан Дэмчиг, Цагаан Шүхэрт нар үүлэн дээр тэнгэрт заларч буйгаар дүрсэлжээ. Зургийн өвөрмөц дүрслэл болох Зонховын зүрхэн тушаа байх Бурхан багшийн дүр нь түүнийг бясалгаж буйг харуулсан байна.

Энэ их хүн 1419 онд өвлийн эхэн сарын 25-нд насан өөд болсон тул түүний дурсгалыг хүндэтгэн жил бүр зулын 25-ныг тэмдэглэдэг болжээ.

Азийн урлаг музейд хадгалагдаж байгаа эх зургаас гэрэл зургийг би авч Монголын урлагийн үнэт бүтээлүүд номонд оруулсан.

Monday, December 04, 2006

Байгал хамгаалал, Шашин шүтлэг

Байгал хамгаалахад шашин онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Одоо сөрөгөөр нөлөөлөх нь ихсэж...

  1. Отгонтэнгэр уулын хормойд сунаж мөргөх тавцан хийж, сууж архидах ширээ ч бэлдэж... хогийн сав алга. Бадар хундага нууранд гуйлтаа хэлээд хадаг хийж байх юм. Хадаг нь ариухан, будаггүй л байдаг байгаа даа. Овооноос дээш эмэгтэй хүн явж болдоггүй гэнэ. Гэхдээ манай улсын томчууд ихэнх нь эрэгтэй авгайтай бололтой. Бүгд дээш явцгаасан гэнэ.
  2. Миний төрсөн нутаг Увс аймгийн Малчин суманд Баянхайрхан гэж орой дээрээ 2 овоотой, морь уралдах, бөх барилдах талтай, нууртай сайхан уул бий. Намайг бага байхад хүүхэн сахиустай уул гэж л өвгөд ярьдаг байв. Гэтэл одоо овоо дээр нь эмэгтэй хүн гарахаа болчихож. Бусад уулын шүтлэгээс хуулбарлан мухраар сүсэг зохиож яаж болохов дээ.
  3. Цэнхэрийн агуй дотор нилээд том овоо бариад хадаг, өнөө архины шил, таягаа л тавьчихаж. Түүхэн ач холбогдолтой агуй болохоос ... Энэ агуй тэр овооноосоо ах байлгүй дээ. Шүтнэ шүтнэ гэхэд хэтэрч байнаа.
  4. Цэнхэрийн агуй доторх зургийг тодруулж байгаа нь энэ гээд захаар нь тойруулаад будчихсан байна. Уул нь хамгаалж байгаа байх л даа. Ээ халаг. Тэнэгийн дотор мөн харанхуй яа. Овоо барьж мухраар сүсэглүүлэхийн оронд түүнд гар ч хүрч болохгүй. Тэгвэл наадах чинь дахиад хэдэн мянган жилдээ арилахгүй гэдгийг л ойлгуулсан бол яалтай.
  5. Хөдөөгөөр явж байхад харгана, мод, гүүрний хашлага, тугал бярууны хүзүүвч гээд хадаг хэрэглэдэггүй зүйл алга болж. 90-ээд он хүртэл хадаг ховор, нэр хүнд нь өндөр байсан. Одоо тэрэн шиг хямд, үнэ хүндгүй юм алга. Хайран мөнгө, хайран байгал.
  6. Аавдаа, уулдаа, нутагтаа, сум, сургуулийн ойдоо зориулан суварга барих болж... Буяны дээд буян ч бас л хадаг шиг болчих вий.

Mongolian Photo

Photos of Mongolia