Friday, February 09, 2007

Гэрэл зургийн шүүлтүүр буюу Photo filter

Хальсаар гэрэл зураг авдаг байхад шүүлтүүр их хэрэгтэй байдаг байсан. Одоо зарим шүүлтүүрийн хийдэг үйлдлийн photoshop-оор хийж болдог ч photoshop-оор хийж болдоггүй зүйл бас байгаа тул үүнийг бичлээ.
Гэрэл зургийн шүүлтүүр үйлдвэрлэгч B+W, Cokin, Hoya, Kodak, Tiffen, Kenko, Heliopan, Hitech, Lee, Optiflex, Singh-Ray компаниудын вэб рүү ороод нэмж унших зүйлсээ уншаарай.

UV Filter буюу өнгөгүй шүүлтүүр


Нүдэнд үзэгдэх хэт ягаан туяа нь зургийг хөхөвтөр манантай юм шиг харагдуулдаг. Энэ үзэгдэл өндөр ууланд, далайн эрэгт ихэнхдээ ажиглагддаг. Дээрх зурагны доод талын хэсэгт UV шүүлтүүр хэрэглэснээр өнгө яаж засагдахыг харуулав. Мөн линз зурагдах, тоос, ус болохоос хамгаалж их хэрэглэдэг.

ND Filter буюу гэрэл багасгагч шүүлтүүр


Гэрэл зурагт гэрэл багадах тохиолдол элбэг байдаг ч зарим тохиолдолд гэрэл багасгах шаардлага бас гардаг. Ялангуяа бага хурдаар (Shutter speed) гэрэл ихтэй орчинд өрцийг нээж авах шаардлагатай үед хэрэглэгддэг. Жишээлбэл дээрх зурагны усны ширхэгийг харагдахааргүй болтол нь удаанаар авах үед гэрэл ихдэж байвал ND шүүлтүүр хэрэглэж болно. ND шүүлтүүр хэрэглэснээр гэрлийг 2-1,000,000 дахин багасгах боломжтой. Хамгийн харанхуй шүүлтүүр нь гагнуур хийхэд хэрэглэдэг хар шил шиг юм байдаг.

CPL, PL Filter буюу туйлшруулагч шүүлтүүр


Туйлшруулагч шүүлтүүр хэрэглэснээр ямар нэгэн гэрэл ойх гялгар гадаргатай зүйлийн зураг авахад өргөн хэрэглэдэг. Мөн тэнгэрийн өнгийг гүн цэнхэр болгоход, утаа, униартай үед их хэрэглэдэг. Туйлшруулагч нь шугаман, тойрог туйлшруулагч гэж 2 янз байдаг. Туйлшруулагчийг шалгахдаа LCD дэлгэцийн өмнө эргүүлж үзэхэд дэлгэцэн дээрх зүйл тодорч, бүдгэрч харагддаг. Шугаман туйлшруулагчийг фокуслах үедээ урд тал нь эргэдэг линзүүдтэй үед хэрэглэх тохиромжгүй байдаг. Тойрог туйлшруулагчийг бүх төрлийн линзэнд хэрэглэхэд тохиромжтой. Дээрх зураг дээр машины цонхноос ойсон гэрлийг хаасан байдал, утасны бүхээгт байгаа хүний зураг дээрх шилэн дээрээс ойсон гэрлийг хэрхэн багасгасныг харж болно.

Color Filter буюу өнгө өөрчлөгч шүүлтүүр


Өнгө өөрчлөгч шүүлтүүрийг зурагныхаа өнгийг аль болох тод бодит өнгөөр нь гаргахад голдуу хэрэглэдэг. Эдгээр шүүлтүүрүүдийн үүргийг photoshop-оор хийх боломжтой байдаг. Дээрх жишээн дээрээс ялгааг харна уу

Special Filter буюу тусгай зориулалтын шүүлтүүр



Тусгай зориулалтын шүүлтүүрүүдэд хувилагч призм, зургийг уран зураг шиг болгож өөрчилдөг пастел, зах руу нь уусгадаг, өнгийг өөрчлөх зэрэг шүүлтүүрүүд ордог. Мөн энэ ангилалд оч үүсгэгчийг оруулав. Жишээнээс үзээрэй.

Graduated Filter буюу уусалттай шүүлтүүр


Уусалттай шүүлтүүрийг зургийн нэг талаас өнгийг өөрчлөхөд голдуу хэрэглэдэг.

Close-Up Filter буюу ойртуулагч шүүлтүүр


Ойртуулагч шүүлтүүрийг ихэнхдээ макро зураг авахад линзийн өсгөлтийг ихэсгэх зорилгоор ашигладаг.

Filter ring буюу шүүлтүүрийн хэмжээ өөрчлөгч


Янз бүрийн диаметртэй линзүүдэд нэг шүүлтүүр янз бүрийн хэмжээтэй байх хэрэгцээ гардаг тул ийм хэмжээ өөрчлөгч хэрэглэдэг. Энэ нь томруулагч, жижигрүүлэгч гэж 2 янз байдаг. Жижигрүүлсэн үед зурган дээр дугуй хүрээ үүсэх тохиолдол байдаг.

Filter holder буюу шүүлтүүр тогтоогч


Олон төрлийн шүүлтүүр солидог хүнд энэ их тохиромжтой.

Filter bag буюу шүүлтүүр хадгалах сав


Олон төрлийн шүүлтүүртэй болсон үед шүүлтүүр зурагдах, хагарах, тоос шороо болох зэрэг бэрхшээл үүсдэг. Мөн гэрэл зургийн хэрэгсэл үргэлж яаралтай хэрэг болдог тул олоход хялбар байлгахын тулд шүүлтүүрүүдээ нэг газар хадгалах дээрх савнуудаас өөрт тохиромжтойгоо сонгон хэрэглэвэл тохиромжтой байдаг

Wednesday, February 07, 2007

EXIF tag

JPG, TIF өргөтгөлтэй файлын тухай мэдээллийг хадгалдаг EXIF tag гэж байдаг. Үүнийг ашиглан тухайн зургийг ямар аппаратаар, ямар үзүүлэлтээр авсан бэ гэдгийг мэдэж болохоос гадна, IPTC мэдээллүүдийг бөглөснөөр энэ зургийг хэн гэдэг хүн, ямар үйл явдлын үеэр авсан, юун тухай зураг вэ гэдгийг мэдэж болно. Мөн Adobe-ийн зурагтай ажилладаг программуудаас хайж болох боломжтой болох юм.
Энэ зургийг Амарсайханы "Тас харанхуй шөнө, тас хар хөнжил дотор хүний зураг авч болох уу" гэсэн асуултаас санаа аван бичиж байна.
Энэ зургийн тухай EXIF мэдээллүүд:
Horizontal resolution: 72 dpi
Vertical resolution: 72 dpi
Bit depth: 24
Equipment make: Canon
Camera model: Canon EOS 350D DIGITAL
Color representation: sRGB
Shutter speed: 1/100 sec
Lens aperture: f/2.8
Focal length: 70 mm
Lens: Canon EF 24-70 mm f2.8 L USM
f-Number: f/2.8
ISO speed: 200
Metering mode: Partial
Exposure program Shutter priority
Date picture taken: 2006/01/12 8:49 PM
Энд 2006/01/12-нд MCS-ийн шилдэг харилцагчдыг шалгаруулах ёслолын ажиллагаан дээр ирж бүжиглэсэн бүжигчин залуугийн зураг байна. Бүжиглэж байсан тул хурдтай авах ёстой байсан тул Shutter Priority горимыг сонгож 1/100 sec хурдаар, гэрэл хүрэлцэхгүй байснаас өрцний хэмжээг боломжит хамгийн том дээр буюу f/2.8-ийг сонгож, гэрэл хаягч ашиглалгүй авсан байна.
Ингэснээр эргэлдэн бүжиглэж байгаа залуугийн нүүрэн дээр туссан гэрэлд нүүрэн хэсэг тод харагдаж, бусад хэсэг харанхуйд уусан гарчээ. Автомат горимоор энэ зургийг авсан бол энэ залуу фокусгүй, хажуугийн зүйлс дээр фокустай гарах байлаа.
Энэ постоор харанхуйд зургийг удаан авдаггүй, бас хурдтай авч болдог, мөн EXIF tag ашигласнаар зураг авсан тухайн үеийн мэдээллийг харах ач холбогдолтой байдгийг харуулах гэсэн юм.

Monday, February 05, 2007

Зургийн аппарат худалдаж авах зөвлөмж

Зургийн аппарат худалдаж авахад юу, юуг анхаарах вэ гэдэг талаар хэдэн пост бичсэний дараа бусдад нэгдсэн нэг ойлголт өгөх гэсэн бодлоор Powerpoint-ийн үзүүлэн бэлтгэв. Та татаж аваад үзэж болно. 5MB файл байгаа.

Friday, February 02, 2007

Гэрэл зурагчин хүний үзүүштэй вэб хаягууд

Гэрэл зураг сайн авахын тулд байнга уншиж, дадлага хийж байхгүй бол амархан хоцрох тул гэрэл зурагчин хүний үзүүштэй вэб хаягуудыг бичихээр шийдлээ. Энэ санааг явуулсан Bator-д баярлалаа.

http://www.nikon.co.jp/main/eng/feelnikon/discovery

Энэ сайтад Nikon-ы технологиуд, гэрэл, гэрэл зургийн анхан шатны ойлголтууд, яаж сайн зураг авах вэ, шувууны зураг авах тухай, Nikon-ий түүхийн тухай гэх мэт олон талын мэдээллийг багтаасан, мултимедиа материал байдаг.

http://www.shotaddict.com/wordpress/

Гэрэл зурагтай холбоотой блог. Энд олон сайхан санаанууд байдаг. Маш сайн шинэчлэгддэг

Thursday, February 01, 2007

Линзний төрлүүд

Гэрэл зураг авахад чухал зүйлийн нэг нь яах аргагүй линз байдаг. Гэрэл зургийн зохиомж, юугы зураг авахаас хамаараад өөр өөр линз хэрэглэх шаардлагатай болдог. SLR аппаратууд л линз солих боломжтой байдаг ба SLR аппаратын 2 гол үйлдвэрлэгч болох Canon, Nikon, эдгээрт тааруулж линз үйлдвэрлэгчдээс Sigma линзийг жишээ зургуудад орууллаа. Линзний зургийг томруурах үед бичиг нь уншигдаж байвал зүгээр гэж бодоод хэмжээний харьцаанд анхаараагүй.

Загасны нүдэн дуран буюу Fisheye lens

Загасны нүдэн дуран нь хамгийн өргөн өнцөгтэй дуран ба голдуу 6-15 мм-ийн фокусын зайтай байдаг. Ийм дурангаар зураг авахад зургийн гол хэсэг төвийж гардаг. Энэ нь зургийн зохиомжийг сайжруулж ч болно, муутгаж ч болно. Донжийг нь л олох хэрэгтэй. Энэ төрлийн дуран монголчууд шиг гэрт найр хийдэг, тэгээд олуулаа зураг авахуулах дуртай улсад яг таарна. Загасны нүдэн дурангаар гэрт байгаа бүх хүний зургийг нэг дор авч болно.

Хэт өргөн өнцөгийн дуран буюу Ultrawide angle lens


Энэ төрлийн дуранд голдуу 14-21 мм-ийн фокусын зайтай дурангууд ордог. Загасны нүдэн дуран шиг өргөн өнцөгөөр харахгүй ч, зургийн гаж илт багатай байдаг. Ийм дурангуудыг ойрын зайнаас их зүйлийг багтааж зураг авахад ашиглахад тохиромжтой. Жишээлбэл нуур, байгалын зураг, олон хүний зураг, барилга байгууламж гэх мэт.

Өргөн өнцөгийн дуран буюу Wide angle lens

Энэ төрлийн дуранд голдуу 24-35 мм-ийн фокусын зайт ай дурангууд ордог. Зургийн гажилт байхгүй. Нилээд өргөн хэрэглээтэй.

Ердийн дуран буюу Normal lens

Энэ төрлийн дуранд 35-70 мм-ийн фокусын зайтай дуран ордог. Хүний нүдний харах өнцөг 50 мм-ийн дурантай ойролцоо өнцөгөөр хардаг тул ийм дурангаар авсан зураг нүдээрээ харж байгаатай төстэй байдаг.

Холын дуран буюу Medium Telephoto lens

Энэ төрөлд 70-135 мм-ийн фокусын зайтай дурангууд орно. Макро дурангууд голдуу энэ мужид байдаг нь гүний фокус хянах боломжоороо их байдагтай холбоотой. Мөн хөрөг зураг авахад их тохиромжтой байдаг.

Нилээд холын дуран буюу Long Telephoto lens

Энэ төрөлд 135-300 мм-ийн фокусын зайтай дурангууд орно. Ийм дурангууд нуурын эрэг, зоопарк зэрэг амьтанд ойртох боломжоор бага үед их хэрэг болдог. Мөн хөрөг зураг авахад их тохиромжтой байдаг.

Хэт холын дуран буюу Super Telephoto lens


Энэ төрөлд 300 мм-аас дээш фокусын зайтай дурангууд орно. Ийм дурангууд жижиг амьтан, шувууны зураг авах, алсад байгаа зүйлийн зураг авах, папарацийн зургуудад их хэрэглэгддэг. Авч явахад их хүнд, маш сайн хөлтэй байхгүй бол гар дээрээс авах боломжгүй. Холын дурангууд гарын хөдөлгөөн, чичэргээнд маш мэдрэмтгий.

Хэт холын дурангийн нэг Canon-ы 500 мм дуран иймэрхүү хэмжээтэй байдаг.

Mongolian Photo

Photos of Mongolia