Thursday, July 19, 2012
Tuesday, July 10, 2012
Эх орон таньдаа зориулав-9. Ус зайлуулах шугам
Бороо их ордог урд зүгийн орнуудын борооны хажууд манай бороо "юм мэддэг хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа" гэдэг шиг ямар бороо гэхэв. Гэхдээ л манайд бороо орсоны дараа шалбаагаар дүүрч манай бороо их вм шиг харагдана. Энэ нь ус зайлуулах систем байхгүйтэй холбоотой юм байна.Гадаадынхан зам барихдаа ч, гарааж барихдаа ч, байшин барихдаа ч ус зайлуулах шугамтай холбож барьдаг. Энд тэнд ийм зүйлийг хараагүй хүн ховор.
Монголын зам доор ус зайлуулах шугам бараг байхгүй, байсан ч дуслын систем шиг нарийхан юм байдаг нь усаа зайлуулж чадахгүй, хогонд нь бөглөрөөд байхгүйтэй адил.
Ус зайлуулах шугам муутайгаас болж, зам дээр ус тогтож, тэр ус нь тогооны өрөм шиг нимгэн хар замыг нэвтлэн, замын доорх ул шороог норгож суулт үүсгэн замыг эвдэнэ. Тогтоол усанд нарийн шороо тунаж үлдэн бороо орсон өдрөө л тоос манарана.
Дэлхийн алдартай том хотуудад ус зайлуулах систем нь хотын доорх хот болж байгуулагдаад лав л 100 гаруй жил болж байгаа юм байна.
Posted by
Gansukh.N
at
2:04 PM
0
comments
Categories: Менежмент, Миний бодол
Saturday, July 07, 2012
Эрүүлээр битгий сэтгэ-4. Их хурлын гишүүн бол хүн бусад нь биш, эсвэл эсрэгээрээ
Их хурлын гишүүн хүн, бусад нь хүн биш юм шиг. Эсвэл бүр эсрэгээрээ ч юм шиг.
Их хурлын гишүүн халдашгүй дархан эрхтэй юм чинь бусад нь халдлагад бэлтгэлтэй байх үүрэгтэй юм уу даа. Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?
Их хурлын гишүүнийг бариад авахад хүний хөл газар дээр гуталтайгаа явж байхад, тэднийх тэнгэрээр оймстойгоо явж байна. Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?
Их хурлын гишүүнийг Авилга авсаныг нь нотлоход хүмүүс хэргээ хүлээгээд шорон ордог байхад, тэд хэргээ хүлээхгүйгээр шоронд орно. Бас хүн гэртээ өлсөж байхад, тэд заавал шоронд очиж байж өлсөөд гараад ирнэ. Тэгээд шүүх хурал болохгүй. Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?
Их хурлын гишүүн сонгуулийн үеэр хахууль өгсөнийг нь нотлоход хүний нүд хараад нотлоод байхад тэд хараагүй, мэдээгүй, сонсоо ч үгүй байна. Тэгээд шүүх хурал болохгүй. Бас л
Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?
Их хурлын гишүүнийг тэтгэвэрт гаргахгүй, нам нь насаараа "зовох" хүний жагсаалтад оруулж байгаад үхтэл нь ажиллуулна. Өөрөө ч бас тэгэж "зовох" дуртай. Хүн 60 нас хүрээд л тэтгэвэртээ хөөгдөж гараад "жаргана". Бас л Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?
Их хурлын гишүүнийг ажил битгий хий, өчүүхэн цалингаараа амьдар гээд ордонд хориод байхад баяжаад л байна. Хүн ажиллаад л, гадуур гүйгээд л байхад ядуураад байна. Бас л Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?
Posted by
Gansukh.N
at
12:08 AM
0
comments
Categories: Миний бодол
Tuesday, July 12, 2011
Монгол наадам
Монголын наадам Юнеско-д бүртгэгдлээ гээд Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаж л байна лээ гэдэг шиг хөөрцөглөөд байсан. Хамгаалахаас өөр аргагүй болж устах аюул тулчихсан юм байна.
Бөхийн дүрэм нь зайлуул нэр төдий юм байна. Зөрчсөн ч болно. Дагасан ч болно. Зурагтаар дүрмээ уншаад байхад л зөрчсөнийг нь давуулаад явуулчихна. Эсвэл дүрмээ мөрддөг, эсвэл дүрэмгүй болговол таарна
Шодоо, шодооны шүүгч, шодоочин гээд их л эротик нэртээ ажил байх юм. Ядаж шодолт, шодогч гэж болдоггүй болоод л тэгдэг байх даа
Бөхчүүдийн ёс суртхууныг сайжруулмаар юм. Нөгөө засуул нэртэй малгайны өлгүүрээ айлгадаг бололтой юм. Ерөнхий сайд, ерөнхийлөгч нар урьж ирсэн хүмүүсээ ичиж л суусан байхдаа. ЮНЕСКО-д бүртгэж авсан хүн үзэж суудаг. Нүүр улаймаар юм.
Засуулгүй байсан ч болохоор. Нөгөө муу малгай баригч будлиан гарахаар шийдэж чадахгүй, бичлэг үзээд ч нэмэргүй. Ядаж байхад том биетэй, навсайсан томдсон дээлтэй юмнууд байхийм. Олуулаа байхыг нь яана. Зурагт хаагаад бичлэг хийлгэхгүй. Шийдвэр гаргаж чадахгүй, бөхийн өөдөөс үг хэлээд тоохгүй юм чинь ядаж туранхай хүмүүс байвал зурагтынханд төвөг багатай баймаар.
Морь цоллохдоо дарга нарт харуулах гээд нэг мухарт аваачаад цааш харуулаад зогсоочих юм. зураг авах арга байхгүй. Дарга нарын индэрт ойртуулахгүй. Тэгээд хойноос нь харсан бичлэг гаргана. Талбайн голд цолловол мөнгө төлдөггүй цөөхөн дарга биш ядаж наадмын талбайд цугласан мөнгөө төлсөн хүмүүсийн хагас нь үзэх юм.
Хурдан морины уралдааныг машин дотроос, гар дээрээс нэг бүрсийсэн, савласан юм л харуулаад байх юм. Хурдан морьны уралдааныг км тутамд камера тавиад бичихэд наадмын төсвийн мөнгө хүрэхгүй гэхээргүй дээ. Машины уралдааныг тэгээд харуулж болж байгаа юм чинь.
Сур харвааны тухай дөнгөж мэдээ төдий юм харуулдаг болохоор санал хэлэх юм алга.
Posted by
Gansukh.N
at
9:06 PM
3
comments
Categories: Миний бодол
Sunday, April 10, 2011
Эрүүлээр сэтгэ-3. Чөлөөт цаг
Цаг яаж өнгөрөөе дөө гээд явж байдаг хайран залуу нас. "Тууврын замд" киноны усанд боогдсон хүмүүс шиг хийх ажил байхгүй, явах газар байхгүй байдалд орохыг чөлөөт цаг гэдэг юм болов уу.
Танд цаг байхад байтугай байхгүй байхад цаг гаргах зүйлс бий.
Толгойгоо нэг сайхан амраая гээд бааранд суух, зүгээр суух зэрэг нь толгой амраах нь юу л бол. Тогтонги ус өмхийрдэг гэдэг шүү дээ. Шинэ зүйл бодох, сэтгэх нь таны ирээдүйг өөрчлөх тул ЧӨЛӨӨТ ЦАГ танд байвал БОД, СЭТГЭ, УНШ, ХӨДӨЛМӨРЛӨ
Гэгээрсэн хүн жаргал зовлон, хүсэл, шунал гээд хүний орчлонгийн зүйлсийг мэдрэхээ больдог юм гэнэ лээ. Гэгээрсэн хүн харсан амьд хүн алга. Бас гэгээрсэн амьд хүн ч алга. Бид бүгд гэрээрэх нь юу л бол. Тийм болохоор эхний бодож, сэтгэх, унших, хөдөлмөрлөхөд бүх чөлөөт цагаа битгий зар. Гэгээрсэн бурхан болохгүй хүний амьдарлаар амьдрах тул ЧӨЛӨӨТ ЦАГ танд байвал одоо та туслаж чадах хүмүүст ТУСЛА, ДЭМЖ. НАЙЗ НӨХӨДТЭЙ БОЛ. Таны тус хэрэггүй хүмүүст бүү дольгино.
Найз нөхдийн тус дэмжлэг сайхан. Аав, ээж, ах, дүүгийн тусламж дэмжлэг ч их. Гэхдээ тэд цаанаа амьдралтай. Үргэлж туслаад дэмжээд явна гэж юу л бол. ЧӨЛӨӨТ ЦАГ танд байвал Үхтэл хамт жаргах, зовох ханиа ХАЙРЛА, ЖАРГАА, байхгүй бол ХАЙЖ ОЛ.
Эрүүл бие байхгүй бол их мөнгө, эрдэм мэдлэгээр ч бас яах билээ. Эмийг орлох хөдөлгөөн их бий, харин хөдөлгөөн орлох эм гэж огт байхгүй. Тэрч сайн, энэ ч сайн гээд атга атгаар эм уугаад явдаг баян, бандгар хүн их байх юм. Ирээдүйд та жаргаж явахад эрүүл бие хэрэгтэй тул ЧӨЛӨӨТ ЦАГ танд байвал ХӨДЛӨ, ТОГЛО, АЯЛ, ЗУГААЛ
Эдгээрийг хийгээд дахиад ЧӨЛӨӨТ ЦАГ гаргаад байгаа суут хүн бол ХОББИтай бол. Чөлөөт цагаараа хийдэг ажлыг хобби гэдэг шүү дээ. Бааранд орох, архи уухаас өөр хоббитай бол.
Posted by
Gansukh.N
at
7:41 PM
3
comments
Categories: Миний бодол
Thursday, September 30, 2010
Эх орон таньдаа зориулав-8. Машины зогсоол
Замын бөглөрөл ихтэй яарч сандарсан үед нэгдүгээр эгнээнд зогссон машины номер хурааж байгаа цагдааг хараад магтах янзтай "болж, муусайн юмнууд зам бөглөөд" гэж боддог ч өөрөө зогсоол хайж яваа үед зогсоол байхгүй байж номер хураагаад байхдаа яахав гэж цагдааг муулах янзтай юм бодогдоно.
1990-ээд онд Австрид очиход том дэлгүүрийн доор маш том сайхан зогсоол, орон сууцны доод -1, -2, -3 давхарууд бас зогсоол, бүр том Shopping center-үүдийн гадна маш том зогсоол харагддаг байсан санаанд орж зогсоол хийчихээсэй, бариасай гэж бодогдоно. Зарим газар замын хажууд машинаа зогсоогоод нэг шонгоос цаас аваад явдаг байсан нь одоо бодоход төлбөртэй зогсоол л байж дээ. Тэдгээр зогсоолууд манай задгай зогсоолтой харьцуулах юм биш.

Энэ Shopping center-ийн гадна талын машины зогсоол.
Монголд иймэрхүү хэмжээний зогсоол стадионы
гадна талаар л нэг байгаа юм байна.

Энэ 28 давхар зогсоол дээр байгаа машинууд

Энэ нөгөө 28 давхар зогсоол ийм сайхан байшин харагдаж байна.
Posted by
Gansukh.N
at
10:20 PM
1 comments
Categories: Миний бодол, Монгол
Sunday, May 30, 2010
Эрүүлээр сэтгэ - Соёлын өв
Саяхан Монголын “Монгол тууль”, “Цуурын урлаг”, “Монгол ардын бүжиг-бий, биелгээ”-г ЮНЕСКО-д бүртгэгдэж, баяр болов. Бүртгүүлсэн ангилал нь хамгаалахгүй бол устах гэж байгаа соёлын өв. Хойноос монголын соёл гэж хэлж болохоор бүхнээ бүртгүүлэхээр хөөцөлдөж байна. Огт ойлгогдохгүй юм. Зүйрлэвэл толгойн өвдсөн хүн эмчид очоод өвдөж байгаа болон өвдөхгүй байгаа бүхнээ тоочиж хорт хавдар туссан гэдэг онош тавиулах гэж байгаатай төстэй юм уу хаашаа юм. Энэ нь баярлахаар ч зүйл биш байтал баярлаад л байх юм. Бүх соёлын өв нь хамгаалах шаардлагатай болвол энэ үндэстэн устаж байгаа ангилалд орно. ЮНЕСКО Биет бус соёлын өвийг хамгаалах зорилгоор 2001 онд “Соёлын олон төрөл зүйлийн тухай ЮНЕСКО-гийн түгэмээл тунхаглал”, 2003 онд “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай ” конвенци, 2005 онд “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих тухай” конвенцийг баталсан. Энд бүртгүүлсэнээр ЮНЕСКО ирээд хамгаалаад өгөхгүй, бид хамгаална. ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийг хадгалж хамгаалах, өв тээгчийг нь дэмжих, энэ соёлын өвийг уламжлуулах зэрэг ажлыг зохион байгуулах үүргийг Засгийн газар нь хүлээдэг. ЮНЕСКО бүртгэж авч байгаа нь биднийг алдаршуулахын тулд биш зөвхөн энд нэг устах гэж байгаа соёлын өв байгаа, эд нар юм хийж байна уу үгүй юу гэдгийг жил бүрийн тайлангаар нь, эсвэл хааяа нэг хүн явуулаад шалгуулна. Манайхан яахав сайхан тайлан явуулчихна. Хүн ирвэл концерт үзүүлээд буцаачихна. Манай дарга нар ЮНЕСКО-д монголын бүх өвийг бүртгүүлсэн гээд сонгуулийн шоу хийнэ. Дүр зураг нь сайхан харагдахгүй л байна. Гэхдээ би буруу бодож, буруу ойлгож байж магадгүй. Тийм л байгаасай.
Posted by
Gansukh.N
at
11:34 AM
2
comments
Categories: Миний бодол
Wednesday, March 18, 2009
Эрүүлээр битгий сэтгэ 3. Хямралын эсрэг 2 хуваагдая
Сайн хүний сэтгэх, сурах, хийх гурав зэрэг
Хямрах бүлэгт хүүхдийн 3000 төгрөг өгөх боломжгүй болж байхад түүнээс 300-500 дахин их мөнгө өгчихнөө, мөнгөний уутаа бэлдэж бай гэдэг их хурлынхан. Гадаадын бүх банк хүүгээ буулгаж байхад хүүгээ өсгөж байдаг монголын банк. Улсын 1 жилийн төсөв нь 2 триллион болчихоод байхад гадаадынхан хэзээ өгөх, бүр өгөхгүй байх нь тодорхойгүй байхад 300 сая доллар гадаадаас гуйчихлаа хямрал юухан байхав гэж байгаа засгийн газар. Тэтгэвэрээс өөр орлогогүй хөгшид, хөдөлмөрийн чадваргүй хүмүүс, дээр нь ажил хийх мэдлэг, чадваргүй хүмүүс. Энэ бүлгийн хүмүүст засгийн газар, их хурлынхан туслана биз.
Их хурал, засгийн газар, ерөнхийлөгч шагнал өгөхөө болиоч. Тэрнийг чинь угаах гэж шингэхгүй, зажлагдахгүй юм хэрэглээд хэмнэгдэхгүй байна.
Бид насан туршдаа хямрал дунд амьдарсан ч одоо бид сэтгэх, сурах, хийх гуравыг зэрэг хийж байж л хямралаас гарна. Түүнээс биш судлаад, дараа нь сураад, тэгээд боломжтой болж байгаад хийх цаг байхгүй.
Posted by
Gansukh.N
at
1:26 PM
4
comments
Categories: Миний бодол, Монгол
Friday, December 05, 2008
Эрүүлээр битгий сэтгэ-2 Тоймч болж тоглов
Би эдийн засгийн талын мэргэжлийн хүн биш учраас энэ бичсэн зүйл шал худлаа ч байж магадгүй. Гэхдээ л ингэж бодогдоод байна.
Хямрал хаанаас эхлэхэв? Банкнаас.
Яагаад?
- Менежмент муутайгаас
- Ажлын туршлага муугаас (зээл их өгсөнөөс, ялангуяа орон сууцны зээл )
- Санхүүгийн тайландаа хөрөнгөө хуучин өртөгөөрөө (1000$-ийн хөрөнгийн өртөг хямралаас болоод 500$ болчихсон байхад 1000$-аараа байгаад байх) удаан байснаас банкны удирдлага буруу тоо харж удирдсаар удирдлагаа алдах
- Хууль тогтоомж, хяналтийн системийн алдаанаас болж
Банкны системийн хямрал болохоор бизнесийн цус болсон мөнгөний урсгал доголдож бизнес цонхийсон, удааширсан байдалд орно.
Банкийг яах вэ?Банкуудад төрөөс мөнгө өгөх нь цус алдаж байгаа хүнд цус хийхтэй адил. Түр хацар нь ягаарч ирээд буцаад л цонхийчихнэ.
Банкууд манай банк яах ч үгүй, хэвийн ажиллаж байгаа, манайх хүүгээ нэмлээ гээд байгаа нь эмнэлэгт очсон хүнийг эмч үзээд энэ хүн нас барах юм байна гэхээр нь ах дүү нар нь нэг сайн уйлж аваад хөдөө байгаа ах дүү нараа дууддагтай төстэй. Тэд ирээд яахав. Түүний оронд наашаа ирье гэж бодож байгаа хүмүүс замын зардлаа явуул. Эм авч хийе гэсэн нь дээр. Тэгээд ч банкны захирал манай банк дампуурна шүү. Мөнгөө бушуухан аваарай гэж юу гэж хэлэхэв.
Гадаадын орнуудад хадгаламжинд төр баталгаа гаргаж өгч байгаа нь миний мөнгөө хадгалуулсан банк дампуурсан ч манай "нам", "засаг" надад мөнгийг минь буцаагаад өгчих юм чинь гэсэн итгэлийг хадгалуулагчид өгч хүмүүсийг мөнгөө буцааж татах ажлыг сааруулах оролдлого. Энэ сааралтыг ашиглан зөв менежмент хийж банкаа тэнхрүүлбэл цусны эргэлт сайжрана.
Бусад салбар яах вэ?
Хямралын барих гээд эдийн засгийн өсөлт багасах байх. Ойролцоогоор ойрын үед 2 дахин. Цагаан сар хүртэл 1$=2000 төгрөг орчим болох байх. Дэлхийд эдийн засгийн өсөлт 1%-аар багасахад 100 сая хүн ажилгүй болдог юм гэсэн. 6 тэрбум хүнд 100 сая гэхээр энэ пропорцоор нь бодоход монголд 200000 хүн ажилгүй болно. Тэд ядуусын эгнээнд шилжинэ. Хүмүүс ядуурхаар архи дарсанд орж гэмт хэрэг өсдөг.
Өргөн хэрэглээний барааны борлуулалт нэг хэсэг тогтвортой байх болов уу. Бусад нь ч мэдэхгүй.
Америк 400 триллионы өртэй гэх юм. Энэ өрийн ихэнх нь Хятад, япон хоёрт. Тэр их өрөө төлчихсөн ч байж магадгүй. Гэхдээ доллар нэртэй цаасаар. Тэдний худалдан авалт хямралаас болж багасахаар хятад, японы зах зээл багасаж хятад, японы борлуулалт багасана. Илүүдэл бараа ихтэй болно. Үнэ нь навс унана. Ингээд Монголд орж ирэх барааны өртөг унана. Сайхан мэдээ юм шиг хэрнээ муухай мэдээ.
Иим болохоор Монголд хямдрал сайн зарлаад складаа хурдан хоосон болгох хэрэгтэй. Сарын нөөц хадгалдаг байсан бол 14 хоногийн нөөц бариад эргэлтээ хурдан болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэтэй нөөцөө хадгалаад байвал дампуурлаа л гэсэн үг.
Одоо зарж байгаа үнээрээ байвал ойрын хэдхэн сарын дотор нийт борлуулалт 2-3 дахин буурна. Үүнийг нөхөхийн тулд үнэ багасгаад эргэлтээ хурдасгах ёстой.
Энэ бас хэцүү. Тээвэрлэлт, хүмүүсийн худалдан авах чадвар, банкны системийн чадвар гээд олон юмнаас хамаарна.
Яахийм бэ тэгээд бид?
Мөнгөө одоо битгий үл хөдлөх хөрөнгө болго. Хямралын оргил үеийг мэдэр. Тэр үед мөнгөтэй байж тааралдсанаа ав.
Posted by
Gansukh.N
at
9:46 AM
6
comments
Categories: Менежмент, Миний бодол
Wednesday, December 03, 2008
Эрүүлээр битгий сэтгэ
Блогоо бичилгүй удаж байгаад их том гарчиг бариад авчихлаа.
Хямрал хэзээнээс яаж эхэлсэн талаар эндээс уншаарай.
Хямрал америкт л болоод байгаа гэж бодсон чинь арай л үгүй дэлхийг хамарсан юм шиг байна.
Гадаадад хямрал болж л байдаг, хямралаас гарч л байдаг ш дээ гэж бодсон чинь бас нэг бишээ
За ингээд хямрал америкийн мэдлээс гараад, дэлхийг хамарсан хямрал болох нь тодорхой болж. Америк хямрахаар Хятад, Япон хоёр хямрана. Тэд хямрахаар бид хямрана.
Манай банкны дарга нар, их хурлын мундагууд хямрал манайхыг тоож ирэхгүй, манай банк яаах ч үгүй гэсэн хэрнээ 90-ээд он шиг хүүгээ өсгөөд, мөнгөө манайд хадгалуул гээд л өдөр бүр ярих нь нэг л биш. Хямрал эхэлсэн.
Зурагтаар бидний "сонгосон" их хурлын гишүүд маань энэ сард хямрал арай өндөр гарчихлаа. Дараа сард нэг оронтой болгоод хаячихая гэхийм. Энэ ч яахав улсын асуудал. Гэрээ засчихсан улс төрөө засаж байгаа юм байна. Болох байлгүй дээ. Болтугай. Болтугай.Харин гэрээ эсвэл биеэ засаж байгаа бид яах вэ? Яаж сарын цалингаа сард нь хүргэх вэ?
Их хурлын гишүүд маань хямралыг барьж чадахгүй алдчихаж юуны магад. Та бэлтгэлтэй бай. Ямар бэлтгэл билээ?
Хямрал болсоноор мөнгөний үнэгүйдэл болох юм шиг байна. Хамгийн багадаа 10 дахин. Ингээд бид талхаа гар эсгэм 10000-тийн дэвсгэртээр ганц талх авах нь.
Тэгэх юм бол одоо талх 1000 байхад орон сууц, хаус худалдаад авчихаад 10000 болохоор нь зарах уу? Таны мөнгө нэг байшин аваад дуусаж байвал болох л юм. Хороолол авах мөнгөтэй бол яаанаа? Яаж тэр хорооллыг хадгалнаа. Сүүлд нь танай хороололыг траншейнийхэн үнэгүй эзэмшээд амьдрахыг та хараад тэвчих үү? Тэр дэмий байхаа. Таны байшинг авсанаас талхаа авсан дээр байхаа тэр үед.
Эсвэл та 20 жил хүлээж чадах тэвчээртэй бас залуу хүн үү?
Тэгвэл алт юм уу валют аваад хадгалая. Хаана? Хэдийг? Хэзээ хүртэл?
Энэ хямралыг давахад 90 оноос өмнөх Социалист арга, 90-оноос хойших зах зээлийн эдийн засгийн үеийн хэрэглэж байсан аргуудыг дахин хэрэглэх хэрэггүй л болов уу
Ингээд хямралын талд байна уу? Миний талд байна уу? гэдэг асуулт гарна
Хямралыг амжилттай, эсвэл ашигтай давая гэвэл Та эрүүл биетэй. Эрүүл биш сэтгэлгээтэй бай
Posted by
Gansukh.N
at
12:17 PM
8
comments
Categories: Миний бодол, Монгол
Wednesday, April 16, 2008
Tuesday, March 04, 2008
Эх орон таньдаа зориулав-7. Өвлийн жуулчлалаар юу үзүүлэх вэ?
Өвлийн жуулчлалаар адал явдлын, ан агнуурын, зугаа цэнгэлийн олон арга хэмжээг зохиож болмоор санагдав.
1. Уур манан савссан нуур, гол
Орхоны хүрхрээ хөлдөөд битүү мөс болчихсон дотуур нь ус хүржигнэн урсаж байгаа энэ усыг мөсөн дотуур орж үзэх, бясалгал, тайвшрал хийхэд ашиглаж болохоор юм.
Ёлын амны хөлдүү хүрхрээг доогуур нь малтаж хөндийлөөд хоноглох газар, зочид буудал болгосон ч яахав.
2. Ан амьтаны үс гүйцэх тул ан амьтан харуулах, амьтны зураг авах аялал хийх
Монголчууд ижил хийморьтойд нь харагдаж, илүү хийморьтойд нь алагддаг гэдэг чоно, бусад амьтаныг харуулах
3. Өвөлжсөн шувуу харуулах
Монголын хүйтэн өвөлийн үл тоон өвөлжих нүүдлийн шувуудын үзүүлэх, судлах эрдэм шинжилгээний аялал зохиох, гайхуулах аялал
4. Моторт болон моторгүй цанаар аялал, нохой чаргаар аялах, цаатаныд хонох гэх мэтийн өвлийн хүйтэн, цас, мөсний адал явдлын аялалыг зохион байгуулах
5. Дараах хаягуудаар орж мөнгөөр мөнгө олдоггүй гулгуурын талбай Сүхбаатарын талбайд барих биш мөнгөөр жуулчин татдаг мөсөн бүтээл хийж болдогыг уншиж болно.
- http://zereglee.blogspot.com/2007/03/blog-post_07.html -ээс өвөл яаж мөсөн бар, ажиллуулж байгааг харж болно.
http://www.icehotel.com сайтаас мөсөн зочид буудал яаж мөнгө олж байгаа тухай уншихад сонин юм их байна.
Posted by
Gansukh.N
at
8:00 AM
3
comments
Categories: Аялал, Миний бодол, Монгол
Tuesday, February 19, 2008
Эх орон таньдаа зориулав-6. Өвлийн жуулчлал
Хүн айлгах гэж байгаа юм шиг монгол эх газрын эрс тэрс уур амьсгалтай. Өвөлдөө хүйтэн. Цас их унадаг. Аялал жуулчлал улирлын шинжтэй гэж бүх хүмүүс л ярьдаг. Аялал жуулчлалын компаниуд ч манайх дулаан улиралд л таныг аргална гэсэн шиг өвлийн аялалын маршрутгүй байдаг.
Монголын өвлийн аялалын программ нь
- Хөвсгөл нуур дээрх мөсний баяр. Энэ нь аялал жуулчлалын хөтөлбөр гэхээсээ илүү улс төрийн шоу. Учир нь тэнд ерөнхийлөгч очно. Бөөн хамгаалалт, бөөн мэдээллийн ажилтан, бөөн хүн. Юун тав тух. Таалагдаад хоноё гэвэл буцахаас өөр аргагүй. Хоновол хөлдөж үхнэ. Бид хариуцахгүй. Таалагдахгүй буцъя гэхээр орой тарахаар л унаа явна. Хүлээ гэнэ. Ойртоод зураг авах гэхээр холд! Ерөнхийлөгч чаргаар гулгана гэнэ. Аялал жуулчлалын хөтөлбөр ийм байж болохгүй байхаа.



- Тэмээн поло. Ямар ч жуулчин үүнийг хагас өдөр үзвэл дээд амжилт. Тэмээн пологоо хол хийгээд жуулчдаа 3 хоногоор цөлж болно. Тэгвэл тэд дараа жил ирэх хүмүүст тийшээ явж үхэв гэдгийг сайн ухуулна. Бас л бөөн хүн, бөөн хамгаалалт. Бас л зураг авах гэхээр урд нэг цагдаа. Энэ баяр жуулчдад зориулсан хөтөлбөр гэхээсээ илүү улсын аваргын тэмцээн л гэсэн үг. Жуулчдаас мөнгө татах хөтөлбөр байхгүй.

- Бүргэдийн баяр. Бас л олныг хамруулсан шоу. Жуулчин гэдэг бол олон хүн цугласан газраар тэнэж явдаг саваагүйчүүд биш ихэнх нь олны хөлөөс хол тав тухтай явах сонирхолтой зожиг хүмүүс. Тэнд бас л томчууд, бас хамгаалалтынхан, мэдээллийнхэн.


Posted by
Gansukh.N
at
10:30 AM
3
comments
Categories: Аялал, Миний бодол, Монгол
Wednesday, February 06, 2008
Цагаан сар хэзээ болж байсан бэ?
Сарны тоололд илүү сар байх нь нарны тоололтой тоололоо тааруулах арга болдог. Нэг жил нь 365.2425 хоногтой байдаг. Сар дэлхийг тойрох хугацаа нь 29.53 хоног. Тийм болохоор 1 жил нь 12.3685 сар болно. Энэ нь 12 бүхэл 7/19 гэсэн үг. 19 жилд 7 илүү сар гаргавал нар сарны байрлал давхцана. Мөн цагаан сар бар сарын шинийн нэгэнд болно. Нар бар сард шар замын 315-гаас 330 градусын уртрагийн хооронд оршино. Дээр бичсэн зүйл бол ямар ч зурхайн үндэс.
Нар дээрх уртрагт орж ирэх хугацаа нь дунджаар аргын тооллын нэгдvгээр сарын 19-нєєс хоёрдугаар сарын 20-ны хоорондох хугацаа юм. Бүх дэлхийн газар нутаг дээр ганц л нар байдаг.
Ийм болохоор Цагаан сар мөн л энэ хооронд болно гэсэн үг. Гэтэл монгол зурхайд 2-р сарын 27-нд хүртэл болж байсан байна. Энэ нь монгол онцлог л байх даа. Эсвэл өөр нар байгаа юм болов уу? 2 сарын 20-оос хойш тэмдэглэсэн цагаан сарууд бүгд туулай сарын шинийн нэгэнд буюу нэг сарын дараа цагаан сараа хийж байжээ. Дараа жил бас нэг сарын дараа болох нь.
Билгийн тооллын календар нь 19 жил болоод ойролцоогоор давхцдаг. Доорх зургуудад 19 жилийн давтамжтайгаар Хятад, Монгол, олон улсын одон орон судлалын U.S. Naval Observatory газрын цагаан сар болсон өдрүүдийг 1900 оноос 2009 он хүртэл харьцуулан харуулав. Шар өнгөөр шинэ сар эхлэх цагт ойр байгааг, Хөх өнгөөр таарч байгааг, улаан өнгөөр алдаатай байгааг харуулав. Зураг дээр дарвал томорч харагдана. Эндээс та цагаан сараас өмнө хойно төрсөнөө харах боломжтой болно. Мөн бид цагаан сараа хэр зөв тэмдэглэж байж вэ гэдгийг бас харж болно. Хятад зурхайд шинэ сар эхэлсэн өдөр цагаан сар эхэлдэг, монгол зурхайд шинэ сар үдээс хойш эхлэхээр байвал дараа өдөр нь цагаан сар эхэлдэг зүй тогтол байна. Энэ жилийн хувьд шинэ сар 2 сарын 7-ны үдээс урагш эхэлж байгаа тул 2 сарын 7-нд золгох нь зөв юм шиг.


Posted by
Gansukh.N
at
2:19 PM
5
comments
Categories: Миний бодол, Монгол, Шашин
Wednesday, January 23, 2008
Цагаан сар хэзээ вэ?
Бид Тэрбишийн календараар цагаан сараа тэмдэглээд удаж байна. Гэтэл Тэрбишийн календарь бусад зурхайчдын календараас жил бүр л зөрөөд бөөн маргаан болдог. Сарны тооллыг ашигладаг хятад солонгосоос бүүр сараар зөрөөд явчихна. Монгол ямар өөр сартай биш. Зөрнө гэхэд хэтэрч байна. Бээжин, Улаанбаатар хоёр сарын зайтай золгож болох ёстой зөрүүтэй гэж Төгс буянтын зурхайд зурсан байдаг бол Замын-Үүд Улаанбаатар хоёр 15 хоногийн зайтай золгох ёстой. Энэ ч арай хэтэрч байнаа. Энэ жил бас л ... Зурагтаар хэнийнх нь зөвийг тогтоох оролдлого хийсээр л... Энэ жил бүр 6-нд сар гарахгүй бол 7-нд золгоно. Гарвал 8-нд золгоно гэж ярьж байх юм. Би зурхайч хүн биш. Зүгээр л нэг интернет ухагч. Минийхээр бол 2 сарын 7-нд золгох ёстой. Яагаад гэвэл U.S. Naval Observatory гэдэг газрын вэб дээр 2007 оны 2 сарын 7-нд шинэ сарын эхлэл гэж бичсэн байна. Шинэ сарын эхлэл гэдэг нь манайхны үгээр бол шинийн нэгэн гэсэн үг. Цааш нь интернетээ ухаж явтал хэзээ сар гарахыг, яаж харагдахыг бас л үзүүлсэн байв. Дараах зураг Монголын цагаар зурсан зураг гэдгийг анзаараарай.
Энд мөн л Шинийн нэгэн 2 сарын 7-нд байна. Тэрбишийг аврах ганц юм нь 2 сарын 8 -нд маш нарийхан сар гарах юм байна.
Шинийн нэгэн буруу байвал Балжинням, Дашнямтай өдөр яаж зөрөх нь тодорхой. Тэр сайн өдөр нь зөрөхөөр хурим, найр бүгд буруу өдөр хийгдсэн гэсэн үг. Ингэж хүний хувь заяагаар тоглож байгаа Тэрбиш-д арга хэмжээ авч, календарь хийх эрхийг нь хасах хэрэгтэй санагдана. Ямар Тэрбишээс өөр календарь гаргах хүн байхгүй биш.
Posted by
Gansukh.N
at
1:58 PM
32
comments
Categories: Миний бодол, Шашин
Wednesday, September 12, 2007
Эх орон таньдаа зориулав - 5. Сургууль, сургалт
Лам (багш) дор мөргөмүй
Бурхан дор мөргөмүй
Хувраг дор мөргөмүй
Хөмөрсөн сав,
бохир сав,
ёроолгүй сав
гуравт ариун рашаан хийж яаж болохов.
Бодь мөрийн зэрэгээс
Эртнээс нааш монголчууд ном, багш хоёрыг бурхантай дүйцүүлэн мөргөж залбирсаар иржээ. Шашин номын газрыг (сургуулийг) ариун номын газар гэж хүндэтгэдэг байж.
Манай монгол нэг хүнд ноогдох их, дээд сургуулийн тоогоор Геннисийн номонд ч орохоор болсон байх. Гэхдээ сургуульд юу зааж, юу сургаж, сурагч оюутнууд нь юу сурч байна аа. Сургуулиудад мөнгийг авсан юм чинь аргалж байгаад төгсгөе гэдэг шалгуур маш хүчтэй байна. Юутай ч Сургууль дор бас нэг мөргөчихье.
Нилээд хэдэн сургуулиар ороход архи уусан, тамхи татсан, хэзээ цээжилсэн нь бүү мэд конспекттай архаг хэдэн багш л байх юм. Сургуульд юм сурах аргыг л сургавал болмоор юм шиг. Тэгэхгүй бол угаасаа мэдээлэл 2 жилийн дараа хуучираад хэрэггүй мэдээлэл болно.
Багш нар дор дахиад нэг мөргөчихье.
Сургуулиудад байгаа ном нь нэг улсын хандиваар ирсэн англи хэлээр бичсэн хэдэн ном. Тэдэн дотор сайн ном байнаа. Бас хэнд ч хэрэггүй юмнууд бас байна. Гэхдээ л ихэнхи нь хуучин ном. Хуучин гэдэг нь хавтасыг нь хэлж байгаа юм биш. Интернетийг номын оронд нэг сайн ашиглахгүй байх шиг. Ном, интернет хоёрт дахиад нэг мөргөчихье.
Сурагчид бас их но байнаа. Бодь мөрийн зэрэгт Хөмөрсөн сав гэдгийг сонсохгүй шавь юу ч сурахгүй, бохир сав гэдгийг сонссон ч анхаарахгүй өөр зүйл бодвол юу ч сурахгүй, ёроолгүй сав гэдгийг сонссон ч мартвал юу ч сурахгүй гэж тайлбарлажээ. Төгсөөд наймаачин юм уу аль нэг хөрөнгөтөн улсад харлагч болохоор бол сургуульд мөнгө төлж хэрэггүй юм сурахын хэрэг байна уу? Үүнийг сурагч хүн бас анхаармаар юм.
Хэрэгтэй юмаа л сураасай гээд хувраг (сурагч) дор нэг мөргөчихье.
Posted by
Gansukh.N
at
9:28 AM
11
comments
Categories: Менежмент, Миний бодол, Монгол
Wednesday, September 05, 2007
Эх орон таньдаа зориулав - 4. Номын дэлгүүр, ном
Хөмөрсөн сав,
бохир сав,
ёроолгүй сав
гуравт ариун рашаан хийж яаж болохов.
Бодь мөрийн зэрэгээс
Гэхдээ түүнээс буян ихтэй ажил зөндөө байдаг бололтой. Энэ зун 3 аймгийн 30-аад сумаар дайрахад номын дэлгүүртэй сум нэг ч таарсангүй. Ном уншихаа больсоноос болоод юу болох, юу болохгүйг ялгахаа больж.
Суварга барихын оронд номын дэлгүүр баръя. Номын сан баръя.
Номын буян суварга бүтээх буянаас үлэмж их гэсэн Бурханы сургаалийг дагая.
Таны буян үлэмж арвин болог.
Posted by
Gansukh.N
at
2:22 PM
7
comments
Categories: Аялал, байгал хамгаалал, Миний бодол, Шашин
Tuesday, July 17, 2007
Эх орон таньдаа зориулав - 3 Брэнд
Бид брэнд үүсгэх гэхээр л барааны тухай боддог билээ. Гэтэл брэнд гэдэг юу ч байж болохоор санагдлаа.
Манай монголд албан газруудын хүлээлгийн өрөө, уулзалтын өрөөнд манайх таны найдвартай түнш гэсэн үгтэй л байдаг. Казакстаны P&G компаний уулзалтын өрөө нь Wella meeting room гээд хүлээсэн, уулзсан хүндээ энэ манай брэнд гэдгээ үзүүлдэг юм байна.
Москвагийн Арбатын гудамж нь Москвагийн брэнд гудамж юм. Тэнд Оросын брэнд Матерушка харин нэг янз янзаараа байнаа. Тэнд дотор дотроо ордог хүүхэлдэйнд бараг би л алга. Гэхдээ хүсвэл хийгээд л өгөх янзтай. Монголд ч гэсэн нэг ийм юмтай болчихоод монгол гэхээр л тэр юм гадаадынхны санаанд ордог болгочихвол зүгээр юм даа. Гадаадынхан Чингис, Чингисийн Монгол гээд мэддэг ч манайхан Чингисийг элдэв юманд битгий хэрэглэ. Талийгаач гэж дууд гэх нь холгүй дүрэм хууль гаргачихсан. Бас Чингисд дуртай хүн ч байна. Дургүй хүн ч байна. Нэг л авсаархан, хямд брэнд бүтээгдэхүүн олмоор...
Арбатын гудамжны бас нэг брэнд үйлчилгээ нь хүний хөрөг зурах үйлчилгээ. Тэд хүнийг өөрөөрөө бахархтал нь ч зурж байна. Ичтэл нь шоглож байна. Монголчуудын хувьд гадаадынханд үзүүлдэг брэнд үйлчилгээ нь хорхог, боодог хийж өгөх, морь, тэмээ унуулах. Бас л нэг хялбархан брэнд үйлчилгээтэй болмоор...
Бас тэд "Чиний юм миний юм. Миний юм миний юм" гэдэг зарчмыг сайхан баримталж байна. Шрек гуайтай зураг авахуулах гээд хажууд нь зогсоход л 30 рубль. Америкчуудын мөнгөө төлөөд брэнд болгочихсон зүйлийг дуурайлгаж хийгээд л ... ашиглаад л ... Манай Сүхбаатарын талбайд нэг чихмэл баавгай байдаг. Нөгөө баавгайнаас нь жаахан хүүхдүүд бас айна.
Бас төрөл бүрийн амьтаны зураг авахуулаад мөнгө бас олж байна.
Бас тэд зорилготой гуйлга гуйж байнаа. Урдаа цаасан дээр Би шинэ гитар эсвэл хийл авах гэсэн юм гээд бичээд тавьчихаад дуулж, хөгжимдөж байх юм. Түүнээс биш ядуурлаас гаргана гээд үсрэнгүй хөгжсөн оронд ч байдаг зүйлийг устгах гээд эсвэл ахаа хоол хайрла гээд хоолын өгсөн ч талы нь хог руу хаяаад суудаггүй юм байна. Гуйлга нь хүртэл өөрийн брэндэд чиглэсэн байх юм.
Кремлийн хажууд хүндэт харуул солилцоход хүн болгон шаваад зургийг нь авч байна. Энэ харуулын цэргүүд гудамжинд буу, зэвсгээ тас няс хийлгээд хүмүүсийн анхаарлыг татах юм. Манайх болохоор хүндэт харуулын цэрэг юу хийж байгааг гадаадын хүн ирэхээр нэг, есөн цагаан тугаа стадион руу авч явахад нэг харж болдог. Энэ үед юун цэрэг харах, нөгөө үйл явдал нь том болохоор жуулчид цэрэгийг анзаардаггүй. Засгийн газар орчмоор харуулын цэрэг байдаг л байх. Тэгэхдээ тэд хүний нүднээс далд. Чингисийн хөшөөний хажууд хүндэт харуул гаргаад ойрхон ойрхон солиод, хүндэт харуулын цэргээрээ шоу хийж болмоор санагдлаа. Баатрын хувцас өмссөн ганц нэг цэргийг хүмүүстэй зураг авахуулсан ч яахав. Бас хүндэт харуулын хувцасыг түрээслээд, хүмүүс өмсөж Чингисийн хажуугийн 2 баатарыг түр мануулсан ч яахав.
Posted by
Gansukh.N
at
10:48 AM
11
comments
Categories: Менежмент, Миний бодол, Монгол
Sunday, July 15, 2007
Эх орон таньдаа зориулав - 2 - Усан оргилуур
Манай монгол орон эх газрын эрс тэрс уур амьсгалтай гэж хичнээн жил ч бахархав. Эрс тэрс уур амьсгалын чийглэг зөөлөн уур амьсгалтай болгоход монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй юм байна.
Гудамжинд төрөл бүрийн хэлбэртэй усан оргилуур байрлуулах нь хотын гоо үзэмжинд сайнаар нөлөөлөхөөс гадна халуун нартай өдөр хажуугаар сууж сэрүүцэж болох амралтын газрын талбай нэмэгдэх, хотын агаарын чийгшилд ч чухал ач холбогдолтой юм. Манай монголд иймэрхүү шийдэл бас байсаныг бид Дуурийн театрийн хажууд байсан усан оргилуурын дундах Эмнэг сургагч баримал, Хороололд Москва рестораны хажууд байсан хувин барьсан эмэгтэйн байримал, MCS Plaza-ийн хажууд байгаа гурван хүүгийн баримал зэргээс харж болно. Ираны Испахан хотод хотын дундуур урсах том голын дотор голын уснаас нь дээш оргилуулсан оргилуурууд олон байгаа нь тэр хотын агаарыг чийгшүүлэхэд их л нөлөөтэй, усан сан барих ажил байхгүй хямд арга санагдсан. Улаанбаатарын дундуур урсах Туул, Сэлбэ голууд дээр ийм оргилуур барихад улсын хувьд юу байхав.
Мөн айл бүр хашаатай нь хашаандаа, харштай нь харшныхаа гадна жижиг цөөрөм байгуулаад долоо хоногт нэг удаа 1 цистерн усыг 2500 төгрөгөөр аваад нэмээд, тэр цөөрөм дотроо оргилуур, хүрхрээ үүсгэвэл гэр орны амралтын сайхан бүс үүсэх бөгөөд бас л агаарыг чийгшүүлж зөөлөн чийглэг болгоно. Манай монголд иймэрхүү шийдэл Хүүхдийн паркт байгааа цөөрөм байна.
Энэ Алмата хотод байсан хүрхрээ бүхий хөшөө. Манайд гадна ийм хүрхрээ байдаг эсэхийг мэдэхгүй байна.
Том албан байгууллагууд дотроо хүлээлгийн зааландаа ийм оргилууртай байх нь гадаадад стандарт болжээ. Азийн бараг бүх зочид буудлууд, Москвагийн ГУМ гээд олон газар үсэрдэг, оргилдог, бургилдаг гээд элдэв төрлөөрөө байхыг харж байсан. Манай монголд Puma Imperial ресторанд ороход нэг шилэн хана дагаад урсдаг ус байгаа нь бас сайхан байлаа. Мөн MCS Plaza дотор баригдсан цагаас нааш ажилласаар байгаа жижигхэн усан оргилуур бий.
Москвагийн томоохон супермаркетууд доод давхартай мөсөн гулгуурын талбайтай, тэндээ дэлгүүр хэсэж явахдаа хүүхдүүдээ сургагч багшаар хичээл заалгаад үлдээчихээд дэлгүүрээ хэсэж дуусаад хүүхдээ аваад харьдаг эцэг эх, хүүхдэд хэн хэнд нь зугаатай ийм сайхан үйлчилгээ байна. Үүнийг манайд хэрэгжүүлэхэд хөрөнгө зарахаар байгаа ч шийдэе гэвэл бас боломж байгаа л байх. Мөн өвлийн цагт хотын дотор олон түр гулгуурын талбай барьвал хүмүүсийн чөлөөт цагийг өнгөрөөх, ажилгүй хүмүүст ажлын байр гарах сайн талтай.
Дээрх ажлуудыг хийхэд хэрэгтэй мөнгийг хаанаас олох вэ? Энд хэд хэдэн арга байна.
- Улсын Их Хурлын гишүүд нэг нэг оргилуур бариулах. Тэдэнд мөнгө байгаа
- Байгууллага бүрийг орчиндоо нэг оргилуур бариулах. Тэдний оргилуур бариулсан мөнгийг татвараас хасаж тооцоох. Улсад тушаагаад тендер зарлаад бариулбал тухайн компаний барилгын дезайнд таарахгүй болох, дундаас нь зуучлагчид олширч өртөг өндөрсөх дутагдалтай.
- Хашаатай айл бүрт цөөрөмтэй болох уриалга гаргах. Одоо хашаандаа мод тарьсан айлд мөнгө өгдөг шигээ хашаандаа цөөрөм байгуулсан айлд мөнгө өгөх эсвэл усыг нь улсаас үнэгүй хүргэж өгөх.
- Шинээр барих том байшингуудыг усан оргилуур, цөөрөмтэй байлгах шаардлага тавих.
Posted by
Gansukh.N
at
3:08 PM
5
comments
Categories: байгал хамгаалал, Миний бодол, Монгол
Thursday, June 28, 2007
Гэрэл зургийн CD-ний нээлт
CD-нийхээ нээлтийг даруухан тэмдэглэхээр шийдэж, хууль зүйн үндэсний төвд 50-аад хүнийг урилаа.
Урьдчилаад үзүүлэх, харуулах зүйлсээ бэлдсэн байсан ч нээлт болдог өдөр өдөржингөө л ажилтай байлаа.
Нээлт эхэллээ. Баярлаж байгаа юм уу айж байгаа юм уу бүү мэд. Сандарч байнаа. Хоолой ч бас зангирч үзэж байна. Зураг тайлбарлаад хэсэг яриад ирсэн чинь зүгшрээд гайгүй боллоо.
Ингээд нээлтэн дээр үг хэлэхдээ ашигласан powerpoint-ийн үзүүлэнгээсээ үзүүлэе
Талархал- Энэ CD-д орсон зургуудыг авахад надтай хамт говийн халуун нар, хангайн хүйтэн бороо үл тоон аялж, хийхэд тусалж дэмжиж байсан гэр бүлийнхэнээрээ бахархаж байна
- Энэ CD-г хийхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн Баттөгс, Өнөржаргал, Буянжаргал нарт талархал илэрхийлж байна
- Миний анхны CD-ний нээлтэд хүрэлцэн ирсэн та бүгдэд баярлаж байна
- 1978 онд Ломо-135ВС аппарат авсанаар миний зураг авах хобби эхэлсэн
- Өнөөдрийг хүртэл 14 аппарат хэрэглэсэн
- 2004 оноос хойш дижитал аппаратаар зураг авсан
- 2005 оноос хойш америкийн мэргэжлийн зурагчдын холбооны гишүүн
- З номны зураг авсан, гадаад, дотоодын цөөхөн сэтгүүл, танилцуулгад миний зураг хэвлэгдсэн
- Өнөөдрийг хүртэл 50 мянга гаруй зураг авсан
- Блогууд:
http://mongolianphoto.blogspot.com
http://photomongolia.blogspot.com
http://ngansukh.blogspot.com
- 2003 онд “Хөвсгөл” аялал
- 2004 онд “Их нуурууд” аялал
- 2005 онд “Хэнтий” аялал
- 2006 онд “Монгол сайхаан – 2006” аялал
- 2007 онд “Монгол сайхаан – 2007” аялал
Энэ CD-д Төв, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай аймгийн үзэсгэлэнт газруудаар 10000 км замыг 1 сарын туршид аялаж, 108 газар авсан 10000 зургаас түүвэрлэн 250-аад зураг оруулсан. Монголын сайхан байгаль, ан амьтан, ахуй амьдралын гэгээлэг бүхнийг оруулахыг зорьсон.
Энэ цомог нь Амьтан, Ус, Уул, Бусад гэсэн 4 ангилалтай.
Англи монгол хэлээр тайлбартай. Бүх зургийг авсан аймаг, сум, газрын нэр, GPS-ийн координаттай.
Эдгээр slide-уудыг үзүүлээд анхаарал тавьсанд баярлалаа гэдэг үгийн оронд "Надад мэдрэгдсэн сэтгэгдэл танд мэдрэгдэнэ гэдэгт найдаж байна" гэдэг CD-ний нүүрэн дээр бичсэн үгээр өөрийн хэлэх үгээ өндөрлөж тууз хайчлах ёслолын ажиллагаа боллоо.
Дараа нь УБ хотын ерөнхий дендрологич Чимид, Монгол Улсын ШУ-ы сангийн захирал, Монгол Алтай Судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Цоохүү, Азийн урлаг компаний захирал Алтангэрэл, миний 10-р ангийн найз Бямбаа, надтай 2 удаа аялал явж байсан Topica компаний захирал Цэлмэг нар үг хэлж дурсгалын зүйл гардууллаа.

Posted by
Gansukh.N
at
9:51 AM
6
comments
Categories: Аялал, Гэрэл зураг









